“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн 2018 оны ялагч Ц.Энгүүнд ялагчийн шагналуудыг гардууллаа

Дэлхийд алдартай “The Voice” шоуг “Монгол ТВ” телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаа зохион байгуулж, 5-р сарын 27-нд ялагчаа тодруулсан. Монголын нэгэн шинэ дуу хоолойгоор, Ц.Энгүүн шалгарч, цаашид уран бүтээлийн гараагаа эхлүүлэх эхний алхмыг хийсэн. Тэгвэл өнөөдөр ялагчийн шагналыг гардууллаа.

Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн чиглэлээр сурдаг Ц.Энгүүн нь шоуны эхний шатанд “Runnin” дууг дуулж, 4 шүүгчээс дасгалжуулагчаа сонгох эрхтэй байснаас Д.Уламбаяр шүүгчийн багт орж, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Харин энэ үзүүлбэр Монголын үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй “The Voice of Global” буюу Дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдын үзүүлбэрүүд дунд багтаж чадсан юм. Тэгвэл “The voice of Mongolia” шоуны ялагч дуу хөгжмийн салбарын хамгийн том төлөөлөгч болох “Universal music group”-тэй уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажиллах хамгийн анхны Монгол дуучин болох ховорхон боломжийн эзэн болж байгаа. “Universal music group”-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” компани 100 сая төгрөгийн дуу, бичлэгийн гэрээ хийхээр болж байгаа юм.

“The voice of Mongolia” шоу нэвтрүүлэг зохион байгуулагдсан цагаас эхлэн ялагчийн өөр нэгэн шагнал олны анхаарлыг татаж байсан. Энэ бол 2017 онд европын улс орнуудад 247 мянга, АНУ-д 134 мянга борлуулагдсан, хурд хүч тав тухын бэлгэдэл болсон цоо шинэ “Nissan Qaishqai” авто машин юм. Тэгвэл өнөөдөр ялагч Ц.Энгүүн, гэр бүлийн хамтаар машиныхаа түлхүүрийг гардан авлаа.

“Монгол ТВ” телевизийн уран бүтээлчдээс гадна хамтарч ажилласан байгууллага гээд нийт 500 орчим хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн шоу нэвтрүүлгийн хүрээнд 20 гаруй дугаарыг үзэгчдэд хүргэж, 1900 орчим минутын нэвтрүүлэг бэлтгэж, “Монголын шинэ дуу хоолой”-г эрэн хайсан байна. Жинхэнэ авьяастнуудын талбар болсон “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн дараагийн улирлын шинэ дугаар төлөвлөгдөж, бүртгэлээ эхлүүлсэн учраас Монголын дараагийн шинэ дуу хоолой та ч байж болно.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn