ХОЛБООНЫ ЦОМЫН ЭХНИЙ ШАТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

“МХБХ-ны цом” тэмцээний 1-р шатны тоглолтууд холбооны ногоон талбайд, өдөр бүрийн 19:00 цагт болж байна.

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын нэгдүгээр шатны эхний тоглолт “ДМЮ”, “Төв капитрон” багуудын хооронд болж үндсэн цагт “ДМЮ” клуб 4:3-аар хожиж дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. “МХБХ-ны цом” тэмцээний нэгдүгээр шатанд УАШТ-ий 16 баг өрсөлдөж байгаа юм.

Нэгдүгээр шатны гурван тоглолт болоход “ДМЮ”, “Хараацай”, “Сумида” гэсэн багууд ялалт байгуулж, хоёрдугаар шатны эрх аваад байгаа юм. “Хараацай” өнгөрсөн жил нэгдүгээр лигт хүч үзсэн “ХАД” клубтэй тоглож үндсэн цаг 2:2-оор өндөрлөсөн. Нэмэлт цаг сунгахад багууд дахин нэг нэг гоол оруулан 3:3-аар тэнцсэнээр торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад “Хараацай” 5:4-өөр хожив.

“Сумида” клубийн залуус “Кинг Эф Си”-г есөн гоолын зөрүүгээр хожлоо. УАШТ-ий дөрөвдүгээр байрт орж “Мазала” нэгдүгээр лигийн эрх авсан “Сумида” клуб нэгдүгээр шатны хүчтэй багуудын нэг гэдгээ үүгээр харуулав.

Дараагийн шатуудад “Мазала” үндэсний дээд лиг, “Мазала” нэгдүгээр лигийн багууд оролцох юм.