ДАШТ-ИЙ ТОГЛОЛТ ҮЗЭХИЙН ТУЛД ТАСАЛБАРААС ГАДНА “ФЭН АЙ ДИ” АВАХ ШААРДЛАГАТАЙ

900.000 ГАРУЙ ХҮНИЙ “ФЭН АЙ ДИ” АВАХ ХҮСЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ

Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд хэдхэн долоо хоног үлдээд байгаа энэ үед дэмжигчид Фэн Ай Ди-д амжиж бүртгүүлэх шаардлага тулгараад байгаа юм байна. Энэ нь ОХУ болон ДАШТ-ий тоглолт болох цэнгэлдэх рүү чөлөөтэй нэвтрэх эрхийн бичиг баримт юм. Тасалбар худалдан авсан хүн бүр ОХУ-ын засгийн газраас гаргасан “Фэн Аи Ди” хэмээн мэдээллийн санд бүртгүүлэх ёстой. Гэтэл тасалбар тоо ч ОХУ-ыг зорих хөл бөмбөг сонирхогчдод хүрэлцэхгүй байгаа юм. “Фэн Ай Ди” хэмээх бичиг баримт нь ДАШТ-ий үеэрх аюулгүй байдлыг хангах хамгаалалтын тогтолцооны нэг хэсэг төдийгүй бусад гадаадын жуулчид ДАШТ-ий үеэр “Фэн Ай Ди”-г авсан тохиолдол виз авах шаардлагагүйгээр ОХУ-д нэвтрэх боломжтой юм байна.

“ФЭН АЙ ДИ” ОХУ-Д ЗОРЧИХ ВИЗИЙГ ОРЛОНО

“ФЭН АЙ ДИ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АНДРЕЙ РОМАНКОВ:

““Фэн Ай Ди” бол цэнгэлдэхэд нэвтрэхийн тулд тасалбартай хамт байх шаардлагатай бичиг баримт юм. Хэрвээ та зөвхөн ДАШТ-ий тасалбар худалдан авсан бол “фэн ай ди”-д бас бүртгүүлэх шаардлагатай. “Фэн Ай Ди” бол ДАШТ-д зориулан гаргасан зүйл. Тэмцээний туршид бүх тоглолтуудын үеэр хэрэглэгдэнэ. Бас ашигтай талуудтай. ДАШТ-ий үеэр буюу тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнөөс эхлээд шувтаргын тоглолт хүртэл хугацаанд гадаадын иргэн ОХУ-д нэвтрэхэд “Фэн Ай Ди”-тай тохиолдолд визний шаардлага байхгүй. ”

ОХУ-д визгүй зорчих энэхүү боломж нь ирэх зургаадугаар сарын дөрөвнөөс буюу тэмцээний нээлтийн тоглолтоос 10 хоногийн өмнөөс нээгдэх бөгөөд тоглолтууд долдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. ОХУ-ын албаныхы зүгээс мэдэгдэж байгаагаар “Фэн Ай Ди”-г авсан гадны иргэд долдугаар сарын 25 хүртэл ОХУ-д байх боломжтой юм байна.

ХӨЛ БӨМБӨГ СОНИРХОГЧ КОСИКОВ ВЯЧЕСЛАВ:

“Үүнийг авахад огт зовлонгүй. Зургаа гэрээсээ л хавсаргачихна. Тийм ч их техникийн мэдлэг шаардахгүй. Гэхдээ бидний хувьд энд ирж Ай Ди-гаа авлаа. Долоо хоногийн дотор гарсан. Асуудалгүй.”

“Фэн Ай Ди”-тай болохын тулд дэмжигчид онлайнаар бүртгүүлнэ. Ингэхдээ үнэмлэх болон утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллүүдээ бөглөх хэлбэрээр өгөх юм байна. Харин хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг Оросын холбооны аюулгүй байдлын товчооноос сэжигтэй зүйл бий эсэхийг шалгах юм. Хэрэв “Фэн Ай Ди” авах хүсэлтээс татгалзсан тохиолдолд тухайн дэмжигчдэд туслах лавлах төвийг Москва хотноо байгуулжээ.

ЛАВЛАХ ТӨВИЙН АЖИЛТАН ОЛЕГ СЕМЁНОВ:

“Хэдэн мянган хүний Фэн Ай Ди-гийн мэдүүлгээс татгалзсан. Гэхдээ тэдний тав нь л шүүхэд өргөдөл гаргаад байна. Бид сүүлийн таван сар тэдэнд хэрэгтэй мэдээллийн зөвлөгөө өгч тусалж байна. Хэдийгээр бид Оросын хуулийн дагуу шүүх дээр ялагдах тохиолдол гарсан хэдий ч эцсийн дүндээ дэмжигчид Фэн Ай Ди-гаа авч байгаа юм.”

ОХУ-ын албаныхны дурдсанаар тавдугаар сарын дунд гэхэд 900,000 гаруй “Фэн Ай Ди”-гийн мэдүүлгийг баталгаажуулаад байгаа юм байна. Тэдний хагас нь ОХУ-ын иргэд, хагас нь гадаадын иргэдийн хүсэлт байжээ. Гадны иргэдийн мэдүүлэг дунд АНУ, Мексик, Аргентин, БНХАУ, Бразил, Перу, Германы иргэд дийлэнх нь байгаа юм байна. ДАШТ ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд зохион байгуулагдах юм.