ИНДИАНАПОЛИС ХОТОД ЖИЛ БҮР ЯС МЭЛХИЙН УРАЛДААН БОЛДОГ БАЙНА

2018 ОНЫ УРАЛДААНД ЭД КАРПЕНТЕР ТҮРҮҮЛЖЭЭ

АНУ-ын Индиана мужийн Индианаполис хотын амьтны хүрээлэнд жил бүр болдог нэгэн сонирхолтой уралдааныг “Зүүполис 500” хэмээн нэрлэдэг бөгөөд яст мэлхийн уралдаануудаас хамгийн алдартай нь юм. Тодруулбал Америкийн авто уралдааны алдарт тамирчид болох Эд Карпентер, Даника Патрик, Скотт Такер, Хелио Кастроневес нараар нэрлэгдсэн, уламжлал ёсоор дөрвөн яст мэлхий тус уралдаанд оролцжээ. Тэгвэл энэ удаад Эд Карпентер хэмээх яст мэлхий уралдааны эхнээс л хошуучилж, эцэст нь хамгийн түрүүнд бариан дахь тавагтай жимсэнд хүрчээ. Энэхүү уралдаан Индианаполисийн амьтны хүрээлэнгийн хамгийн эртний бас хамгийн олон үзэгчтэй уралдаануудын нэг юм байна. Уралдаан жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн даваа гарагт тохиох армид үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэх өдрийн угтан, өмнөх долоо хоногийнх нь лхагва гарагт зохион байгуулагддаг юм. Энэ жил түрүүлсэн Эд Карпентер өнгөрсөн жил мөн тус уралдаанд оролцсон ч уралдааны замын эхний тавцангаа ч туулж амжаагүй байхад Пиппа Манн хэмээх яст мэлхий түрүүлж байжээ. Харин энэ удаад тэрээр тасархай тэргүүлэн барианд орлоо. Дашрамд дуулгахад яст мэлхий хуурай газарт дунджаар нэг цагт 270 м зам туулдаг байна. Гэхдээ үүнд биеийн жин, хэмжээ чухал нөлөөтэй. Ямартай ч хамгийн хурдан яст мэлхий хуурай газарт цагт найман км туулах чадвартай юм байна.