ДАШТ-ИЙ ӨМНӨХ СОНИНООС…

Перугийн алдарт хөл бөмбөгчин Фламенго клубын довтлогч Пауло Гуэрреро шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан ДАШТ-д оролцох найдвараа тээсээр байна. Түүнийг ДАШТ-д оролцуулахын төлөө ОУХБХ-нд бичсэн захидалд Франц, Дани, Австралийн шигшээ багийн ахлагчид гарын үсгээ зуржээ. ФИФА-гаас Пауло Гуэррерог сэргээшийн асуудлаас болоод ирэх сард болох ДАШТ-д оролцохыг хориглоод байгаа. ОУ-ын хөл бөмбөгчдийн холбооноос Францын шигшээ багийн ахлагч Уго Льорис, Данийн Симон Кьер, Австралийн Майл Единак нарын гарын үсэгтэй захидлыг олон нийтэд дэлгэсэн юм. Өнгөрсөн 10-р сард болсон Аргентин, Перугийн шигшээ багуудын ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтын үеэр Пауло Гуэррерогийн сэргээшийн шинжилгээ эерэг гарсан юм. Перугийн ДАШТ-ий Си хэсэгт Франц, Дани, Австралийн багуудтай таараад байгаа билээ.

ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээ багийнхан Австри улсад бэлтгэлээ базааж байна. Тэд эхний тоглолтоо зургаадугаар сарын 14-нд Москва хотноо Саудын Арабын эсрэг хийнэ. Оросын багийн Австри улсад хийх бэлтгэл тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Энэхүү баазад хоёр жилийн өмнө Францын шигшээ ЕАШТ-ий бэлтгэлээ базааж байсан төдийгүй Испанийн шигшээ 2008 онд Европын аварга болохынхоо өмнө тус баазад бэлтгэл хийж байснаараа олны танил болжээ. Оросын шигшээ багийн ахлагч Станислав Черчесов тоглогчийнхоо замналын оргил үеэ Австрийн Тиро Иннсбрук багт өнгөрөөж лигийн аваргаар гурван удаа тодорч байлаа. Хаалгачаар тоглодог байсан тэрбээр дасгалжуулагч болсныхоо дараа ч Австрийн багт ажиллаж байсан юм. Оросын баг бэлтгэлийнхээ хүрээнд ирэх 30-нд Австрийн багтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна.

Дэлхийн хошой аварга, 2014 оны мөнгөн медальт Аргентинийн шигшээ баг ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ нутгийнхаа Буэнос Айрос бүсийн Эсейса хотноо эхлүүлсэн байна. Дасгалжуулагч Хорхе Сампаоли ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнээ зарласан. Гэхдээ Интер Миланы довтлогч, Италийн лигийн мэргэн бууч, 34 тоглолтонд 29 гоол оруулсан Мауро Икардиг тоглогчдын жагсаалтандаа багтаагаагүй. Харин “Ювентус”-ын Гонзало Игуайн, “Манчестерс Сити”-гийн Серхио Агуэро, “Барселона”-гийн Лионел нарыг довтолгоондоо авсан. Аргентинийн шигшээ ирэх 29-нд Гайтигийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тэд ДАШТ-ий Ди хэсэгт Исланд, Хорват, Нигерийн багуудтай таараад байгаа.

Тэгвэл Аргентинийн шигшээ баг болон Английн Манчестер Юнайтед клубын хаалгач Серхио Ромеро өвдөгний бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Мягмар гарагт Аргентинийн ХБХ-ноос мэдэгдсэнээр Ромеро баруун хөлийнхөө холбоос эдийг гэмтээсэн байна. 31 настай тэрбээр Аргентинийн шигшээ багт 94 удаа тоглосон юм. Сержио Ромеро 2009 оноос хойш шигшээ багтаа дуудагдаж байгаа. Тэрбээр 2010 оны ДАШТ-ий өмнө бэртэлтэй хэмээгдэж байсан ч оролцсон. Ялангуяа өнгөрсөн дэлхийн аваргаар тэрбээр маш сайн тоглож баг нь шигшээд шалгаран, Ромеро тэмцээний дараа шилдэг хаалгачийн алтан бээлийн шагналд нэрлэгдэж байлаа. Одоо Сампаолигийн бүрэлдэхүүнд Уилли Кабальеро, Франко Армани гээд хоёр хаалгач бий.

Францын хурц гялалзаж буй залуу од Кылиан Мбаппе энэ зуны ДАШТ-ээр харах гол тоглогчдын нэг. Өдгөө дөнгөж 19 настай, 178 см өндөр, 73 кг жинтэй, баруун хөлтэй тэрбээр Монако клубын үндсэн багт багтаж Францын дээд лигт тоглосон хоёр дахь улиралдаа л 26 гоол оруулж, баг нь Аваргуудын лигийн хагас шигшээд хүрч байсан бол энэ улирал бүх тэмцээнд 21 гоол 16 гоолын дамжуулалт өгөөд байна. Улмаар өнгөрсөн жил тэрбээр дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчдийн жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэх үнээр Парисын багт нэгдсэн юм. Түүнийг 14 настай байхад нь л “Реал Мадрид” сонирхож байсан ч эцэг эх нь “Монако”-г сонгосон юм. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард анх удаа шигшээ багтаа дуудагдаж ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон нөхөрсөг тоглолтуудад 12 удаа талбайд гаран гурван гоол оруулаад байгаа юм. Ялангуяа Мбаппе энэ оны гуравдугаар сард болсон Оросын багийн эсрэг нөхөрсөг тоглолтонд хоёр гоол оруулж баг нь 3:1-ээр хожиж байлаа.

Энэ дэлхийн аваргаар Францын шигшээ багаас өөр нэг онцлох тоглогч бол яахын аргагүй Поль Погба юм. 2016 онд дэлхийн хөл бөмбөгийн наймааны дээд үнийг эвдэн “Ювентус”-ээс “Манчестер Юнайтед” клубд нэгдэж байсан тэрбээр 191 см өндөр, 84 кг жинтэй, баруун хөлөөрөө ихэвчлэн тоглодог, энэ улирал Премьер лигийн 27 тоглолтонд 10 дамжуулалт өгч, зургаан гоол оруулжээ. Харин шигшээ багтаа 2013 оноос хойш 51 тоглолтонд оролцож есөн гоол оруулаад байна. 2013 онд 20 хүртэлх насныхны ДАШТ-д алтан шаахай шагналын эзэн болж байсан түүнийг Уэльсийн шигшээ багийн дасгалжуулагч Райн Гиггс “Бие бялдарын хувьд гайхамшигтай. Тэр хүчирхэг, бас хурдтай гээд бүх зүйл цогцолсон” хэмээн тодорхойлжээ. “Хэрэв үүнийгээ цаашид хөгжүүлж чадвал дэлхийн шилдгүүдийн нэг болох нь эргэлзээгүй” хэмээн “Реал Мадрид”-ын менежер Зинедин Зидан мөн хэлсэн байна.

Европ, дэлхийн аварга Францын шигшээ баг одоо дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байна. Тэд ДАШТ-д 21 удаа оролцохдоо 14-т нь хэсгийн шатнаас, тавд нь хагас шигшээгээс тэмцээнийг орхиж, хоёр удаа шувтаргын тоглолтонд тунаж нэг түрүүлж байлаа. Хоёр жилийн өмнө ЕАШТ-д дэд байр эзэлсэн Францын шигшээ баг ДАШТ-ий Си хэсэгт эхний тоглолтоо зургаадугаар сарын 16-нд Австралийн эсрэг хийнэ. Улмаар таван хоногийн дараа Перутэй, 10 хоногийн дараа Данитай хэсгийн удаах тоглолтуудаа хийх хуваарьтай байгаа.

Дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчин Нэймар шигшээ багийнхаа бэлтгэлд хамрагдаж эхэлжээ. Нэймар өнгөрсөн хоёрдугаар сард баруун хөлийн чигчий хурууны ясаа цуулсны улмаас өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тоглоогүй юм. “Манчестер Сити”-гийн бразил довтолгооны хослол Габриел Жесүс, Данило нар энэ удаагийн бэлтгэлд байлаа. Тэд ирэх сарын 17-нд Ростов хотноо Щвейцарийн эсрэг ДАШТ-ий нээлтийн тоглолтоо хийнэ. Тэдний хэсэгт мөн Коста Рика, Сербийн багууд байгаа. Харин зүүн жигүүрийн хамгаалагч Марсело, довтлогч Фирмино нар Аваргуудын лигийн шигшээ тоглолтын дараа багтаа буюу ирэх даваа гарагаас багтаа нэгдэх юм байна. Бразилын шигшээ нутгийнхаа Тересополис хотноо зургаан удаагийн бэлтгэл хийгээд ирэх зургаадугаар сарын найманд Английн хойд Лондонд “Тоттенхэм” клубын баазад бэлтгэлээ үргэлжлүүлэх юм байна.