Б.ЧИНЗОРИГ ШИГШЭЭ ТУЛААНД ДӨРВӨН ЖИЛ ДАРААЛАН ШӨВГӨРСӨН ТАМИРЧИНГ БУУЛГАЖ АВАВ

ОУХМ Б.ЧИНЗОРИГ ОХУ-Д БОЛСОН ОУ-ЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

ОХУ-ын Хабаровск хотноо ЗХУ-ы баатар Константин Коротковын нэрэмжит сонирхогчийн боксын олон улсын тэмцээн өнгөрсөн 16-20-ны хооронд болж Армийн дэлхийн аварга, ОУХМ Баатарсүхийн Чинзориг 64 кг-ийн жинд аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын боксчин Петр Васильевтэй тулалдлаа. Хөх булангаас гарч тулалдсан Якутын домогт кикбоксчин тив, дэлхийн хошой аварга Василия Васильевагийн хүү Петр Васильев дөрөв дэх жилдээ дараалан аваргын төлөө тунасан байна. Энэ тэмцээн анх 57 жилийн өмнө зохион байгуулагдаж байсан ч 1980-аад оны үед 17 жил завсарлаж, одоогоос 10 жилийн өмнөөс олон улсын чанартай болсноор өдгөө “А” зэрэглэлийн тэмцээн болж хөгжөөд байгаа юм. Тиймээс ч Токиогийн олимпийн өмнөх чухал сорилгуудын нэг байлаа. Энэ жилийн тэмцээнд 23 орны боксчид өрсөлдсөн байна. Б.Чинзориг эхний тулаандаа Казакын боксчинг, удаахад нь ОХУ, хагас шигшээд Киргизийн боксчдын илт давуу ялсаар шигшээд тунасан юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголын ширэн бээлийтнүүдийн түүхэнд шинэ хуудас нээж байсан манай боксчдын нэг, өдгөө 13 дахь жилдээ тус спортоор хичээллэж байгаа, 2017 оны ААШТ-ий алтан медальт өдгөө 26 настай Б.Чинзориг 2016 онд эх орноо төлөөлөн Олимпийн наадамд өрсөлдсөн ч хоёр дахь шатанд Оросын боксчинд ялагдаж байсан юм. Харин өнгөрсөн жил ААШТ-д дэд байр эзэлж ДАШТ-д оролцсон ч мөн л хоёр дахь өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгаж байлаа. Харин энэ удаад шүүгчийн шийдвэрээр 4:1-ийн харьцаатай өнгөрсөн жилийн аваргыг буулган авсан байна.

/1:26:15 – Б.Чинзоригийн аваргын төлөөх тулаан

2:04:50 – Б.Чинзоригийн медаль хүртэж буй нь /

КОНСТАНТИН КОРОТКОВЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Энэ тэмцээнд мөн эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, 69 кг-д М.Мягмаржаргал, эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Буяндалай, 60 кг-д Б.Төгөлдөр нар өрсөлдөж Б.Төгөлдөр эхний тулаандаа, М.Нандинцэцэг, Б.Буяндалай нар хоёр дахь тулаандаа ялагдсан юм. Харин М.Мягмаржаргалын өрсөлдсөн эмэгтэйчүүдийн 69 кг-д таван боксчин оролцсон учир монголын боксчин эхний тулаандаа ялагдсан ч хүрэл медалийн тавцанд гарсан юм.

/1:30:30 – М.Мягмаржаргалын хагас шигшээ тулаан 

5:01:50 – Б.Чинзориг хагас шигшээ тулаан/