ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГИЙН ТАВ ДАХЬ ТОГЛОЛТУУД БОЛНО

ДЭЭД ЛИГТ АВАРГУУДЫН ЯЛАЛТЫН ЦУВРАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ

Монголын хөл бөмбөгийн дээд лигийн дөрөв дэх тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж хүснэгтийн тэргүүлэгчид Дэрэн клубын талбай буюу төв цэнгэлдэх хүрээлэнд зочлон тоглолоо. Сүүлийн гурван жил дараалан дээд лигт түрүүлээд байгаа, 11 удаагийн аваргууд ялалтын цувралаа үргэлжлүүлэхийн төлөө талбайд гарсан. Гэхдээ талбайн эзэн “Дэрэн”-гийнхэн өнгөрсөн тойрогт дээд лигийн шинэ цэргүүдийг 8:0-ээр бут ниргээд байлаа. Харин энэ өдөр аваргуудаас япон легионер Мотохиро Канаширо эхний хагаст гурван гоол дараалан оруулсан юм. Улаанбаатар клубд тоглож байсан тэрээр энэ улирал “Эрчим”-ийн бүрэлдэхүүн нэгдэж дөрвөн тоглолтонд дөрвөн гоол багтаа авчирлаа. Мөн дээд лигийн энэ улирлын анхны хэт-трик байсан. “Атлетик 220”-ийн эсрэг хийсэн өмнөх тоглолтонд “Эрчим”-ийн халимаг довтлогч Дорджи Сангаджиев улаан хуудсаар торгуульсны улмаас энэ өдөр талбайд гараагүй ч М.Канаширо түүнийг маш сайн орлолоо. Ийнхүү тоглолт япон довтлогчийн гоолуудаар 3:0-ийн харьцаатай завсарласан. Хэдийгээр багийн ахлагч Ц.Энхжаргал, Галтын Төгөлдөр нар гээд төвийн хамгаалагчид болон япон довтлогч Ишино Шута гээд гол тоглогчид нь бэртэлтэй байгаа ч “Эрчим”-ийнхэн дээд лигийг 100%-ийн амжилттай үргэлжлүүлсээр байна. Хоёрдугаар хагаст Б.Даваажав, Д.Золжаргал нар багтаа гоол авчирч цомыг хамгаалагчид дөрөв дэх ялалтаа байгууллаа. Энэ тоглолт 5:1-ийн харьцаатай өндөрлөсөн. “Дэрэн”-гийнхний хоёр дахь хожигдол энэ байлаа.

М.КАНАШИРО УЛИРЛЫН АНХНЫ ХЭТ-ТРИКИЙГ ХИЙЛЭЭ

 

Өнгөрсөн тойрогт “Эрчим”-д хожигдсон “Атлетик 220” болон “Улаанбаатар Эф Си” багууд өнгөрсөн бямба гарагт өрсөлдөгчөө 4:1-ийн харьцаатай буулгаж авсан юм. Харин ням гарагт “Хангарьд” 8:0-ээр улирлын анхны ялалтаа байгуулж, тус тоглолтонд Б.Цогбаяр хэт-трик, П.А.Юрьевич дүбль хийжээ.

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН МӨНГӨН МЕДАЛЬТНУУД ДАХИН ХОЖИГДЛОО

Дээд лигийн өнгөрсөн улирлын мөнгөн медальт “Улаанбаатар Сити” эхний дөрвөн тоглолтоос хоёр дахь хожигдлоо хүлээлээ. Тэд хүрэл медалийн эзэн “Атлетик 220”-ийн эсрэг дөрөв дэх тоглолтоо хийсэн юм. Тоглолтын өмнө хоёр баг ижил дөрвөн оноотой байлаа. Тэгвэл тоглолт эхлээд дөрвөн минут өнгөрч байхад “Сити”-гийн 34 настай туршлагатай хамгаалагч Сеон Поуэр өөрийн хаалгандаа эхний гоолыг оруулсан юм. Гэхдээ тоглолтын эхний хагас 1:1-ийн харьцаатай дууссан. “Сити”-гийнхэн торгуулийн цохилтоос гоол оруулах боломж гарч Кот Д’Ивор довтлогч Артур Коуасси 11 метрийн цэгээс тоог тэнцүүлсэн юм. Харин тоглолтын хоёрдугаар хагаст “Атлетик 220”-ийн япон довтлогч Норито Хашигүчи найман минутын зайтай хоёр гоол дараалан оруулснаар багтаа ялалт авчирлаа. Тэрээр дээд лигт дөрвөн гоолтой болоод байна. Тоглолтын шилдгээр Норито Хашигүчи тодорсон. Онооны харьцаа 3:1 болоод удаагүй байхад “Атлетик”-ийнханд торгуулийн цохилтын боломж гарч Н.Наранболд амжилттай гүйцэтгэснээр багийнхаа ялалтыг баталгаажуулж 4:1-ийн харьцаатай тоглолт дуусчээ. Ийнхүү “Атлетик 220”-ийнхон хоёр дахиа хожин долоон оноотой болсон юм.

Хүснэгтийг Эрчим клуб дөрвөн хожлын 12 оноотой тэргүүлж байгаа бол “Улаанбаатар” мөн хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж, сүүлийн гурван тоглолт дараалан ялалт байгуулснаар 10 оноотой хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм. “Дэрэн” тэргүүлэгчдэд талбайдаа хожигдсоноор хоёр байр ухарсан бол “Андууд Сити” дөрвөн тоглолтоос есөн оноо аваад байна. Харин “Жипро” хараахан анхны гоолоо ч оруулж чадаагүй хэвээр үлдлээ.

“УЛААНБААТАР”-ЫНХАН ГУРАВ ДАРААЛАН ХОЖИВ

Өнгөрсөн бямба гарагийн сүүлийн тоглолт аль аль нь шинэ дасгалжуулагчийн удирдлаганд тоглож байгаа Сэлэнгпресс, Улаанбаатар клубуудын хооронд боллоо. Тоглолтын өмнө “Улаанбаатар” долоо, “Сэлэнгэпресс” дөрвөн оноотой байсан юм. Хоёр дахь ялалтынхаа төлөө тоглосон “Сэлэнгэпресс”-ийнхнээс 18 дахь минутанд А.Улсболд салхийг хагалж багтаа тэргүүлэл авчирлаа. Гэвч энэ бол тэдний эхний бөгөөд эцсийн гоол байлаа. Тэгвэл эхний гоолоос дөрвөн минутын дараа энэ улирал Эрдэнэтийн “Хангарьд”-аас нийслэлийн багт шилжсэн Ц.Мөнх-Эрдэнэ тоог тэнцүүллээ. Улаанбаатар багийнхан өмнөх гурван тоглолтонд тус бүр ганц л гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулаад байлаа. Харин энэ өдөр тоглолт завсарлахын өмнөхөн эхний гоолын эзэн Ц.Мөнх-Эрдэнийн дамжуулалтаас О.Баяржаргал гоол оруулж 2:1-ээр “Улаанбаатар”-ынхан хошуучилж эхэлсэн. О.Баяржаргал лигийн энэ улирал дөрвөн тоглолтын гуравт нь гоол орууллаа. Ц.Мөнх-Эрдэнэ энэ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн юм. Тэгвэл тоглолтын хоёрдугаар хагаст “Улаанбаатар”-ын америк легионер Марко Гарсиа Родригез багийнхаа гурав дахь гоолыг оруулсан юм. Өдгөө дөнгөж 19 настай, өмнө Шведийн лигт тоглож байсан тэрбээр өнгөрсөн тойрогт “Улаанбаатар”-ын төлөө дебют тоглолтоо хийж, хожлын ганц гоолын дамжуулалтыг өгч байлаа. Тоглолтын үндсэн цаг 3:1-ээр дуусч, шүүгчийн сунгасан гурав дахь минутанд “Улаанбаатар”-ын япон тоглогч Оцү Казутака тоог 4:1 болгосноор тоглолт өндөрлөсөн юм. Казутака өмнө нь 2015 онд Улаанбаатар клубын төлөө дээд лигт тоглож байсан. Ийнхүү “Улаанбаатар” гурав дахь дараалсан ялалтаа байгуулсан бол “Сэлэнгэпресс” дараалан хожигдлоо.

Мэргэн буучдын хүснэгтийг “Эрчим”-ийн Мотохиро Канаширо, “Атлетик 220”-ийн Норито Хашигүчи нар ижил дөрвөн гоолтой тэргүүлж байгаа бол араас нь Б.Хаш-Эрдэнэ, О.Баяржаргал, Б.Цогбаяр нар тус бүр гурван гоол оруулсан үзүүлэлтэй эхний тавд бичигдэж байна.

Ирэх бямба гарагт “Жипро” анх гоол, анхны оноо, анхны ялалтынхаа төлөөх тэмцлээ “Атлетик 220”-ын эсрэг үргэлжлүүлэх бол өмнөх тойрогт аль аль нь хожигдсон “Улаанбаатар Сити”, “Дэрэн” багууд хоорондоо тав дахь тоглолтоо хийнэ. Харин сүүлийн тоглолтонд “Улаанбаатар” ялалтын цувралаа үргэлжлүүлэх эсэх нь тодрох бол ням гарагт аваргууд “Хангарьд”-ыг талбайдаа хүлээн авна.