ЭХЛЭЭД ТИВ, ДАРАА НЬ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ЭВДСЭН МОНГОЛ ЗАЛУУ

Э.СОДНОМПИЛЖЭЭ СОНГОДОГ ХЭВТЭЭ ШАТАЛТЫН ДАШТ-Д ТҮРҮҮЛЭВ

Олон улсын пауэрлифтингийн холбооны сонгодог хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн Финлянд улсын Вантаа хотноо явагдаж паралимпын наадмын мөнгөн медальт, МУГТ Энхбаярын Содномпилжээ аваргын алтан медалийн эзэн болсон байна. Тэрбээр 105 кг-ийн жинд өрсөлдөж эхний оролдлогоороо л 232.5 кг захиалж амжилттай өргөсөн нь жингийнхээ бусад тамирчдыг тэргүүлэх байлаа. Эхний өргөлтүүдэд түүн шиг 230 болон түүнээс дээш жин өргөсөн тамирчин байгаагүй. Өмнө нь пара пауэрлифтингээр паралимпийн наадмаас гаднаа Азийн наадам, Дэлхийн цомын тэмцээнүүдэд гайхалтай амжилттай оролцож байсан тэрээр сүүлийн жилүүдэд жин нэмж амжилтаа ахиулсаар энэ тэмцээний удаах өргөлтүүддээ хоёуланд нь дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 237.5 кг захиалж амжилттай өргөсөн нь дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Одоо 33 нас хүрч байгаа тэрбээр энэ жил УАШТ-д 236 кг шахаж энэхүү сонгодог буюу хэрэглэлгүй төрөлд Монгол улсын бүх жингийн дээд амжилтыг тогтоож байсан бол энэ өдөр сүүлийн оролдлогоороо 242.5 кг буюу дөнгөж өмнөх өргөлтөөрөө тогтоосон дэлхийн дээд амжилтаа дахин таван кг-аар шинэчлэн тогтоосон юм.

Э.СОДНОМПИЛЖЭЭ ЭХЛЭЭД 237.5, ДАРАА НЬ 242.5 КГ-ААР РЕКОРД ТОГТООВ

Ийнхүү 105 кг-ийн жинд 10 тамирчинтай өрсөлдсөн Э.Содномпилжээ энэ удаагийн тэмцээний гурван оролдлогоо бүгдийг нь амжилттай гүйцэтгэж дэлхийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчлэн тогтоож түрүүллээ. Түүний хоёр дахь өргөлтөөрөө тогтоосон 237.5 кг-ийн рекордыг Украины тамирчин сүүлийн оролдлогоороо 0.5 кг-аар ахиулж чадсан ч, 242.5 кг-ийн сүүлийн өргөлтөнд нь ойртох тамирчин байсангүй. Украины тамирчин эхлээд тив, дараа нь дэлхийн рекорд тогтоож 238 кг-аар мөнгө, ОХУ-ын тамирчин хоёр удаа тивийнхээ рекордыг шинэчилж 232.5 кг-аар хүрэл медаль хүртжээ.

/ Э.Содномпилжээгийн жингийн өрсөлдөөн бүтнээрээ:

16:30 – Эхний өргөлт 

38:00 – Хоёр дахь өргөлт 

58:30 – Гурав дахь өргөлт 

1:12:00 – Медаль гардуулах ёслол /

2016 оны есдүгээр сарын 13-нд 210 кг өргөсөн амжилтаар паралимпийн наадмаас пауэрлифтингийн төрлөөр анх удаа медаль хүртэж байсан Э.Содномпилжээ хамгийн сүүлд гурван сарын өмнө АНЭУ-ын Дубай хотноо пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд 107 кг-ийн жинд өрсөлдөж 220 кг-аар түрүүлж байсан билээ. Харин өдгөө тэр амжилтаа 22.5 кг-аар ахиуллаа. Тэрбээр мөн өнгөрөгч 12-р сард Мексик улсын Мехико хотноо болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д 107 хүртэлх кг-ийн жинд өрсөлдөж 235 кг өргөсөн амжилтаар дэд байр эзлэн мөнгөн медаль хүртэж Ази тивийн рекордыг тогтоож байлаа.

Э.ГАЛБАЯР ЗАЛУУЧУУДЫН -66 КГ-Д 155 КГ ӨРГӨЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Тэгвэл Финляндад болсон ДАШТ-ий залуучуудын 66 хүртэлх кг-ийн жинд оролцсон Монголын тамирчин Энхжаргалын Галбаяр 155 кг өргөж хүрэл медаль хүртсэн юм. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Сувилахуйн 3-р дамжааны оюутан Э.Галбаяр энэ жилийн УАШТ-ий залуучуудын ангилалд түрүүлж, насанд хүрэгчдийн нээлттэй төрөлд мөнгөн медаль хүртсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авч байлаа.

Э.Галбаярын өрсөлдсөн залуучуудын -66 кг-ийн жингийн ангилалд нийт зургаан тамирчин оролцож ОХУ-ын тамирчин Константин Сауков эхлээд 155 кг өргөж, удаах оролдлогуудаараа тус жин тав, таван кг-аар ахиулан амжилттай өргөснөөр 165 кг-аар тэргүүллээ. Харин Э.Галбаяр эхлээд 147.5 кг амжилттай өргөсөн. Харин хоёр дахь оролдлогоороо 155.0 кг захиалсан ч дийлээгүй. Гэхдээ сүүлийн оролдлогоороо дахин захиалж амжилттай өргөсөнөөр гуравдугаар байр эзэлсэн юм.

/ Э.Галбаярын жингийн өрсөлдөөн бүтнээрээ:

34:00 – Гурав дахь өргөлт 

1:51:00 – Медаль гардуулах ёслол /

Ийнхүү Э.Галбар Японы тамирчинтай ижил 155 кг-ийн амжилт үзүүлсэн ч Цучида Масаоми оноогоор илүү дээр нь эрэмблэгдэн дэд байранд орсон юм. Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ЕНБД Д.Баттулгын удирдлаганд гурван эрэгтэй, хоёр эмэгтэй, нийт таван тамирчин оролцохоор Финлянд улсыг зорьсон юм.

83 КГ-Д ӨРСӨЛДСӨН Г.ОРГИЛДБОЛД 200 КГ-ААР ТАВДУГААР БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Насанд хүрэгчид буюу Э.Содномпилжээгийн оролцсон нээлттэй ангиллын 83 хүртэлх кг-ийн жинд Монголын тамирчин Галдангийн Оргилдболд өрсөлдөж тавдугаар байр эзэлсэн байна. Ухаа худаг уурхайн хүнд машин механизмын ахлах оператор ажилтай Г.Оргилболд хоёр дахь оролдлогоороо 200 кг амжилттай өргөсөн. Харамсалтай нь сүүлийн захиалгадаа тус жинг 2.5 кг-аар ахиулсан ч дийлээгүй юм. Энэ жил 32 настай Г.Оргилболд өнгөрсөн гуравдугаар сарын эхээр болсон Пауэлифтингийн УАШТ-ий хэвтээ шахалтын төрөлд 190 кг өргөж жиндээ алтан медаль хүртэж байлаа.

ДАШТ-ий -83 кг-ийн жинд 16 тамирчин өрсөлдсөн юм. Японы тамирчин сүүлийн оролдлогоороо 211.5 кг өргөж дэлхийн рекордын шинэчлэн түрүүлсэн бол Казакстан, ОХУ-ын тамирчид удаах байруудыг эзэлсэн юм. Г.Оргилдболдын чадаагүй 202.5 кг-ийг өргөсөн Оросын тамирчин Максим Белобородов хүрэл медалийн эзэн болсон юм.

/ Г.Оргилболдын жингийн өрсөлдөөн бүтнээрээ:

1:20:20 – Хоёр дахь өргөлт 

1:39:15 – Гурав дахь өргөлт /