АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИЛДЭГ НАЙМАН БАГ ТОДРООД БАЙНА

ХАЛК ХОЁР ГООЛ ОРУУЛСАН Ч БАГ НЬ ХАСАГДЛАА

БНХАУ-ын Шанхай хотноо Азийн Аваргуудын лигийн хасагдах шатанд таарсан “Шанхай Шангганг”, “Кашима Антлерс” багууд хариу тоглолтоо хийлээ. Хоёр багийн эхний тоглолтонд Японы баг 3:1-ийн харьцаатай хожсон учир талбайн эзэд нэн тэргүүнд 2:0, эсвэл дор хаяж гурван бөмбөгний зөрүүтэй хожих даалгавартай байлаа. Тэд долоо дахь минутанд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн. Нийлбэр дүн 3:2 болж ойртсон. Шанхайн багийн ахлагч бразил хөл бөмбөгчин Халк тоог нээсэн. Түүний Аваргуудын лигийн энэ улирал оруулсан хоёр дахь гоол нь байлаа. Японы багийн хамгаалагчийн биед ойсон бөмбөгийг тэрээр хаалганд оруулсан юм. Тэдэнд гоол алдалгүйгээр дахиад нэг гоол оруулах шаардлага байлаа. Гэвч эхний хагасын сүүлээр Японы баг тоог тэнцүүлсэн юм. Ингэснээр нийлбэр дүн 4:2 болж холдсон. Өөрөөр хэлбэл талбайн эзэд дахиад гурван гоол оруулж байж шөвгийн наймд шалгарах боломжтой болсон юм. 57 дахь минутанд Оскарын дамжуулалтаас Халк хаалганд цохьсон ч Японы багийн хаалгач үгүйхийсэн юм. Түүхэндээ гурав дахь удаагаа Аваргуудын лигт оролцож байгаа “Шанхай Шангганг” өнгөрсөн жил Аваргуудын лигийн шилдэг дөрөвт үлдэж байлаа. Тэд анхны жилдээ л шилдэг наймд үлдэж байсан ч энэ жил түүндээ ч хүрч дөнгөсөнгүй. Хэдийгээр тоглолтын сүүлээр шүүгч Японы багийн хамгаалагчийн бөмбөгөнд гар хүрсэн гэж үзсэнээр торгуулийн цохилт зааж Халк 11 метрээс дахин гоол оруулсан ч энэ нь тэмцээнээ үргэлжлүүлэхэд хангалтгүй байлаа. Ийнхүү Японы лигийн мөнгөн медальтнууд түүхэндээ 10 жилийн дараа дахин Аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөхөөр боллоо.

“СУВОН БЛЮВИНГС” ТАЛБАЙДАА ХОЖИЖ ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА

БНСУ-ын Сувон хотын ДАШТ-ий цэнгэлдэхэд Солонгосын хоёр баг болох “Сувон Блювингс”, “Ульсан Хьюндэй” багууд хариу тоглолтоо хийлээ. Тус тоглолтын матч комиссараар МХБХ-ны мэргэжилтэн С.Жаргал ажилласан байна. Хоёр багийн эхний тоглолтонд “Ульсан Хьюндэй” 1:0-ээр хожсон учир “Сувон”-ыхон энэ тоглолтонд дор хаяж хоёр бөмбөгний зөрүүтэй хожих даалгавартай байлаа. Тэд ч чадсан. Ким Гун-Хи эхний хагаст хоёр гоол оруулж тоглолт 2:0-ийн харьцаатай завсарласан юм. Нийлбэр дүнгээр 2:1-ээр “Сувон Блювингс” тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Хэдийгээр тэд Азийн аваргуудын лигт гурван удаа түрүүлсэн түүхтэй ч 2010 оноос хойш Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгараагүй юм. Харин “Ульсан Хьюндэй” 2012 онд Аваргуудын лигт түрүүлснээс хойш анх удаа хэсгээс шалгараад байсан ч аялал нь энд хүрээд өндөрлөлөө. Тоглолт 3:0-ээр дуусч “Сувон Блювингс” 3:1-ээр ялан шөвгийн наймд үлдсэн юм.

СОЛОНГОСЫН АВАРГУУД ЭХЛЭЭД ХОЖИГДСОН Ч ЭЦЭСТ НЬ ЯЛЖ ЧАДЛАА

Солонгосын лигийн аварга “Чонбук Хьюндэй Моторс” Чонжу хотын ДАШТ-ий цэнгэлдэхдээ Тайландын лигийн аварга “Бурирам Юнайтед”-ийг хүлээн авч Аваргуудын лигийн хариу тоглолтоо хийлээ. Хоёр баг өмнөх тоглолтонд Тайландын аваргууд 3:2-ийн харьцаатай хожсон учир “Чонбук Моторс” энэ тоглолтонд 1:0, эсвэл багадаа хоёр гоолын зөрүүтэй хожих даалгавартай талбайд гарсан юм. Улмаар тоглолтын 18 дахь минутанд Солонгосын багийн бразил довтлогч Рикардо Лопес мөргөж өгсөн дамжуулалтыг буулгалгүй цохиж тоог нээснээр нийлбэр дүн 3:3-аар тэнцсэн. Өөрөөр хэлбэл тоглолт энэ чигээр өндөрлөвөл талбайдаа алдсан гоолын зөрүүгээр Солонгосын аваргууд ялах байлаа. Тайландын аваргууд тоог тэнцүүлэх гэж хичээсэн ч дөнгөсөнгүй. Харин ч тоглолтын сүүлээр чөлөөт цохилтоос “Чонбук Моторс” дахин гоол оруулж тоглолт 2:0-ээр өндөрлөсөн юм. Ийнхүү Солонгосын баг эхлээд хожигдсон ч талбайдаа илүүрхэж нийлбэр дүнгээр 4:3-ийн харьцаатай хожсоноор шөвгийн наймд үлдлээ. “Чонбук Хьюндэй Моторс” өмнө нь Аваргуудын лигт гурав шөвгөрч, 2016 онд хошой аварга болж байлаа. Харин өнгөрсөн жил авлигын хэрэгтэй холбоотойгоор Аваргуудын лигийг өнжих шийтгэл хүлээсэн билээ.

ХОШОЙ АВАРГУУД ХАСАГДАЖ ШИНЭ ЦЭРГҮҮД ШӨВГИЙН НАЙМД ҮЛДЛЭЭ

БНХАУ-ын Гуанжоу хотноо Аваргуудын лигийн шөвгийн 16-д таарсан Хятадын хоёр багийн хариу тоглолт боллоо. Тианжин хотноо болсон эхний тоглолтонд гоол ороогүй, учир энэ тоглолтын ялагч тэмцээнийг үргэлжлүүлэх байлаа. Талбайн эзэн “Гуанжоу Эвергранд” 17 дахь минутанд тэргүүлж эхэлсэн юм. Азийн хошой аваргуудын бразил довтолгооны хослол Аланы цохилтыг Рикардо Гуларт төгсгөж багтаа тэргүүлэл авчирсан. Гэвч ердөө минутын дараа Тианжиний багаа Александре Пато мөргөж тоог тэнцүүлсэн юм. Түүний Аваргуудын лигийн дөрөв дэх гоол байлаа. Ингэснээр Тианжин Куанжиан өөрсдийн талбайд гоол алдаагүй, өрсөлдөгчийнхөө талбайд гоол оруулсан давуу талтай болсон юм. Тоглолт энэ чигээр өндөрлөвөл зочид ялах байлаа. Эхний хагас 1:1-ээр дууссан. Харин завсарлагааны дараахан булангийн цохилтоос дахин Рикардо Гуларт гоол оруулж “Гуанжоу Эвергранд” тэргүүлж эхэлсэн юм. 26 настай бразил эр Аваргуудын лигт долоо дахь гоолоо оруулсан нь энэ байлаа. Гэвч Хятадын Аваргууд энэ өдөр ялалт байгуулж чадсангүй. Учир нь дөрвөн минутын дараа Тианжиний багийн хагас хамгаалагч Ван Жие онооны харьцааг тэнцүүлсэн юм. Энэ бол тоглолтын сүүлийн гоол байлаа. Тоглолт 2:2-оор дууссанаар нийлбэр дүн тэнцсэн ч “Гуанжоу Эвергранд” талбайдаа хоёр гоол алдсан учир түүхэндээ анх удаа Аваргуудын лигт хөл тавьсан “Тианжин Куанжиан” баг шөвгийн наймд шалгарсан юм.

КАТАРЫН ЛИГИЙН АВАРГУУД 8:3-ААР ЯЛЖ ХАР ЦУВРАЛАА ЗОГСООЛОО

Катарын Доха хотноо Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолт “Аль Духайл”, “Аль Аин” багуудын хооронд боллоо. Улаан хүрэн өмсгөлтэй Катарын лигийн аваргууд эхний тоглолтонд 4:2-оор хожсон. Энэ өдөр ч дөрвөн гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм. Эхнийхийг нь Эмиратын багийн хамгаалагч өөрийн хаалгандаа оруулсан бол 30 дахь минутанд Катарын багийн Морокко довтлогч Юсүф Эл-Араби онооны харьцааг 2:0 болгосон. Испанийн лигт тоглож байсан 31 настай довтлогч найм дахь гоолоо орууллаа. Хоёрдугаар хагасын 54 дэх минутанд онооы харьцаа 3:0 болсон. Катарын баг сүүлийн хоёр улирал Аваргуудын лигийн шөвгийн 16-д ялагдаад байлаа. Энэ тоглолтын үндсэн цаг 4:0-ээр өндөрлөсөн. Сүүлийн гоол торгуулийн цохилтоос орсон юм. “Аль Аин”-ы хамгаалагч бөмбөгөнд гар хүрсэн. Улмаар 11 метрээс Юсүф Эл-Араби Аваргуудын лигийн ес дэх гоолоо оруулснаар Аль Садд клубын Багдад Бунеджатай хамт тэмцээний мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ. Юсүф Эл-Араби Аваргуудын лигийн энэ улирал дөрөв дэх тоглолтондоо дүбль хийж байгаа юм. Тоглолтын үндсэн цаг дуусч шүүгчийн сунгасан дөрөв дэх минутанд Эмиратын багаас Омар Абдулрахман торгуулийн цохилтоор 4:1 болгосноор өндөрлөсөн юм. Ийнхүү Катарын аваргууд нийлбэр дүнгээр 8:3-аар ялж шилдэг наймд үлдлээ.