Улсдаа ганц тооцогддог, тусгай хэрэгцээт 25-р сургуулийн сурагчдад өнөөдөр \2018.05.21\ баярт үйл явдал тохиолоо. Тэдний биеийн онцлогт тохироогүй сандал, ширээтэй, засвар хийгдээгүй хуучны ангид суралцдаг байсан бол тэдгээр хүүхдүүдэд зориулж, сурах орчинг нь сайжруулсан “Dream corner” төслийг сайн дурын залуучууд хэрэгжүүлжээ.

Нийслэлийн 25-р тусгай сургууль 1-9-р ангийн 26 бүлгийн 248 хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол олгодог. Улсын төсвөөс жилд урсгал засварт зориулан тодорхой хэмжээний мөнгө олгодог ч бүх ангийг бүрэн шинэчилж, засварлах боломж байдаггүй. Мөн тусгай сургуульд наад зах нь тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан налуу шат, шалнаас эхлээд бүх эд хогшил нь хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон байх шаардлагатай байдаг юм байна. Тэгвэл ОУ-ын сайн дурын байгууллагын Монгол дахь салбар болох “Найрамдал” ротаракт клубээс нийгмийн сайн сайхны төлөө “Dream corner” төслийг хэрэгжүүлж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дүүргийн эмнэлгүүдийн өрөөг тохижуулж, эмчилгээ хийлгэж байгаа хүүхэд, багачуудын хэвтэн эмчлүүлэх орчинг сайжруулж өгсөн бол энэ удаад Хонг Конгийн “Централ” ротари клубын тусламжтайгаар 25-р сургуулийн нэг ангийг бүрэн тохижуулж, хүлээлгэн өгсөн байна. Учир нь Хонг Конгийн “Централ” ротари клуб тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр анхаарлаа хандуулдаг бөгөөд өнгөрсөн жил “Найрамдал” ротаракт клубтэй хамтын ажиллагааг эхлүүлж, мөрөөдлийн өрөөг тохижуулах буюу “Dream corner” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Төсөлд нийт 5000 ам.долларын төсөв зарцуулжээ. Мөрөөдлийн өрөө төслийн хүрээнд эмнэлэгүүдийн хүүхдийн эмчилгээний өрөө ямар стандарттай байх, мөн олон улсын стандартыг нэвтрүүлж, энэ хүүхдийн сэтгэл санаанд хэрхэн эергээр нөлөөлж болдог гэдгийг бодитоор харуулж чаджээ. Мэдээллийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn