Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 50 хүрэхгүй хувь нь боловсрол эзэмшиж байна

“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган 5-р сарын 24,25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. 9 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулганаар иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн, төрийн бус, ОУБ-ын төлөөллүүд тэгш хамруулах боловсрол, насан туршийн боловсрол, дээд боловсролын чанарын асуудлыг хэлэлцэх юм.

“Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулганы эхний өдөр тэгш хамруулах боловсролын асуудлыг хэлэлцлээ. Тэгш хамруулах боловсрол гэдэг нь бүх хүүхдийг аливаа ялгаатай байдлаас нь үл хамааран, онцлог хэрэгцээнд нь тулгуурлан, боловсрол эзэмших адил тэгш эрхээр хангах тухай асуудал юм. Харин “Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол хамрагдалт 50 хүрэхгүй хувьтай байгаа нь эдгээр хүүхдүүдийн эрхийг зөрчсөөр байна” хэмээн иргэний нийгмийн үндэсний 9-р чуулганд оролцогч талууд онцолж байлаа.

“Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган маргааш буюу 5-р сарын 25-ны өдөр насан турш суралцах үйл явц болон дээд боловсролын чанарын асуудлаар үргэлжлэх юм байна.