Сүхбаатар дүүрэгт он гарсаар дугуй хулгайлсан 10 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ

Дулааны улиралд иргэдийн унадаг дугуйн хэрэглээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд дугуйг харуул, хамгаалалттай орчинд байршуулаагүйгээс хулгайд алдах явдал цөөнгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сүхбаатар дүүрэгт 2018 он гарснаас хойш цагдаагийн нэгдүгээр хэлтэст дугуйн хулгайтай холбоотой 10 гаруй төрлийн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд ихээр холбогдож байгааг онцоллоо. Эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд цахим тоглоом тоглохын тулд бусдын эд зүйл, дугуйг хулгайлж, цахим тоглоомын газар барьцаалж тоглох явдал их байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Түүнчлэн хотын төв Сүхбаатар дүүргийн нэг болон гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон үйлчилгээний төвүүдийн гаднаас дугуй алдагдах тохиолдол цөөнгүй байгаа учраас иргэдийг унадаг дугуйгаа хулгайд алдахаас урьдчилан сэргийлж манаачтай, камерын хяналттай газар байршуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Хулан