57-р сургуулийн дээвэр дээр гурван үүрэн холбооны операторын антен байдаг

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 24 сургууль, 13 цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны операторуудын радио давтамжтай цахилгаан соронзон орныг үүсгэгч антен байрлуулсан байна. Дээр нь антенууд байршуулсан сургуулиудын нэг болох Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 57-р сургуулийн дээвэр дээр гурван үүрэн телефоны операторын антен байршиж байгаа юм. Эдгээр антен нь байнгын буюу 24 цагийн өндөр давтамжтай цахилгаан соронзон орныг үүсгэж, үүний нөлөө нь тус сургуулийн 1400 гаруй сурагч 100 гаруй багш ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашлаад мэдрэлийн болон архаг хууч өвчний суурь болох магадлалтайг тус сургуулийн эмч хэлж байгаа юм. Тус сургууль 2012 оноос эхлэн тухайн үеийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтэст эдгээр үүрэн операторуудын антеныг буулгах талаар албан бичиг явуулж байжээ. Мөн сургуулийн захиргаанаас Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сургууль дээр авчирч дээвэр дээрх антенуудыг харуулж, зургийг нь хүртэл авахуулж байсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Б.Хулан