Багш хүн гэдэг…

1997 онд би Солонгос улсаас Лос Анжелес хот руу нүүлээ. Солонгост байхдаа англи хэлний дамжаанд суудаг байсны ачаар ESL /англи хэлийг хоёр дахь хэлээрээ судалж байгаа сурагчдын суралдцаг анги/ ангид элсэх шаардлагагүй шууд үндсэн анги болох 10-р ангидаа орох боломж олдсон юм.

Биологийн хичээлд суусан хоёр дахь өдөр багш биднээс шалгалт авахаар болов. Намайг шилжиж ирээд удаагүй байгаа тул шалгалтын талаар санаа зовоод хэрэггүй гэж биологийн хичээлийн маань багш болох хатагтай Галлагер хэлсэн ч надад тэртээ тэргүй шалгалтын материалыг өгсөн юм.

Хэдийгээр энэ үйл явдал тэртээ 20 жилийн өмнө болсон хэдий ч одоог хүртэл би тэр өдөр шалгалтан дээр ирсэн бүх зүйлсийг тод томруун санаж байна. Шалгалтын сэдэв фотосинтезийн талаар байсан бөгөөд навчны зурагтай диаграмыг хараад бид ямар төрлийн хий гардаг, юу гэж нэрлэгддэг болохыг нь бичих ёстой байлаа.

Шалгалтын цаасыг таван минут хэртэй ширтэж суусан би гэнэт л уур бухимдал, цөхрөлөөр дүүрч эхэлсэн юм. Учир нь миний хувьд фотосинтезийн талаар аль хэдийн 7-р ангидаа үзчихсэн учраас шалгалт надад амархан санагдсан хэрэг л дээ. Гэвч бүх хариултуудыг нь мэдэж байсан ч англиар юу гэж нэрлэдэг болохыг нь л мэдэхгүй байсан хэрэг.

Тэр шалгалт надад бодит байдалтай нүүр тулах цаг ирснийг сануулсан юм. Тухайн үед миний мэдэрч байсан мэдрэмжийг би та бүхнийг амьдралдаа мэдрээсэй гэж хүсч байна. Шинэхэн орчин, шинэ хэл соёлын дунд орсон би гэнэтхэн өөрийгөө мулгуу тэнэг болсон мэтээр мэдэрч, сурсан бүхий л эрдэм мэдлэг минь хумхын тоос мэт алга болох мэдрэмжийг би тэр үед мэдэрсэн юм.

Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа хатагтай Галлагер шалгалтын хариуг тарааж өгөөд ангийнхны дунд хамгийн өндөр оноо авсан сурагчийг зарлалаа. Багш миний нэрийг дуудаад шалгалтан дээр хамгийн өндөр оноог авсан сурагчаар зарлаж, хамгийн сайн дүнг надад тавив.

Солонгос хэл дээр бичсэн миний шалгалтын материалыг хэрхэн дүгнэснийг нь би хатагтай Галлагераас гайхан асуувал тэрээр манай сургуульд математикийн хичээл ордог байсан Солонгос-Америк гаралтай багшаас тусламж хүссэнээ хэлсэн юм. Математикийн багшийн маань солонгос хэл тийм ч сайн биш байсан хэдий ч толь бичиг ашиглаж биологийн багшид маань тусалсан нь тэр байж.

Энэ талаар бодох бүрт миний сэтгэл маш их хөдөлдөг. Нас явах тусмаа би тэр үед хатагтай Галлагерийн сурагчийнхаа төлөө гэсэн сэтгэл нь ямар гайхалтай байсныг нь санаж, улам ихээр гайхан биширдэг юм. Түүний хувьд намайг шалгалт өгөхгүй байсан ч болно гэж хэлсэн учраас миний материалыг дүгнэх гэж өөртөө төвөг учруулалгүй орхичихож болох л байсан шүү дээ.

Гэсэн ч хатагтай Галлагер шалгалтыг маань дүгнэсэн. Тэр л мөчид миний АНУ дахь хөөрхийлөлтэй цагаачлалын амьдрал минь дуусгавар болж, бүх зүйл өөрчлөгдсөн гэж боддог. Багшийнхаа ачаар би өөрийгөө гэнэт юу ч мэдэхгүй амьтан болоод хувирчихаагүй юм байна гэсэн найдварыг олж авсны дээр хэлээ сайн сурахад л болох юм байна гэдгийг ойлгосон юм.

Түүнээс хойш би англи хэлийг хичээнгүйлэн суралцаж, төгсөх үедээ ангиасаа эхний хоёрт бичигдэв. Төгсөлтийн баяр дээр үг хэлэх мөч “Napeleon Dynamite” киноны нэг хэсэг шиг байсны дээр авцалдаагүй, аймшигтай, бас их аялгатай байсан учраас ангийнхан маань миний яриаг сайн ойлгоогүй гэж боддог. Тэр үед тэд намайг индэр дээрээс хөөж буулгаагүй нь азтай хэрэг шүү.

Би цаашаагаа сайн коллежид элсэж, сайн хуулийн сургуульд суралцсан. Одоо би хуульчаар ажилладаг бөгөөд бичсэн зүйлээрээ дэлхийтэй харилцдаг. Миний бичсэн зүйлсийг жишээ болгон авч, сурагчиддаа үзүүлдэг тухай багш нар маань надад хэлэх бүрт би итгэж ядан гайхдаг юм.

Энэ л учраас Жон Келли мэтийн усан толгойнууд над шиг унаган англи хэлгүй цагаачдыг Америкийн соёлд дасан зохицохгүй байна гэж хэлэх бүрт би хатагтай Галлагерыг дурсан санадаг бөгөөд энэ улсад Жон Келлигээс илүү хатагтай Галлагер шиг хүмүүс олон бий гэж би өөртөө сануулдаг юм.

 

Эх сурвалж: Ask A Korean блогийн нийтлэлч Т.К-ийн бичсэн нийтлэлээс орчуулан хүргэв.