Эрчүүдэд хортой “Эр хүн шиг байх” асуудал

Зурагны эх сурвалж: www.alamy.com

Монголд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт асар их зөрүүтэй байгаа нь эрчүүдийн хорт зуршилтай холбоотой

 Жендэрийн тэгш байдал, түүнийг хангахад гардаг бэрхшээлийн талаар биднийг ярьж, бичиж, твиттерт жиргэх бүрт “Эрчүүд л зовж байна, эрчүүдийн зовлон, бэрхшээлийг хэн ч тоодоггүй” хэмээн гомдоллох эрчүүд цөөнгүй. Тэгээд тэд “ялангуяа Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү их байгаа нь жендэрийн тэгш бус байдал эрчүүдэд илүү хамаатай болохыг нотолж байна” гэдэг. Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт эрс зөрүүтэй нь үнэн ч, энэ нь нүдэнд ил харагдахгүй олон хүчин зүйлээс үүдэлтэй.

Буурай хөгжилтэй орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү харьцангуй бага байдаг ч, хөгжил нь дээрдэхийн хэрээр дундаж наслалтын зөрүү өсдөг. Энэ нь ихэвчлэн эмэгтэйчүүд илүү урт насалдагтай холбоотой. Буурай хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ тэр бүр хүртэж чаддаггүй учраас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү бага байдаг. Сүүлийн хэдэн арван жилд Монголын хөгжил эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг нэмэгдэхэд хүргэсэн байна. Дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү дундажаар 4 жил байдаг бол Монголд 9 жил байгаа нь асар их зөрүү бөгөөд ийм зөрүү ихэвчлэн урьд өмнө социалист байсан орнуудад ажиглагддаг.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт хамгийн их зөрүүтэй орнууд (жилээр) 2010-2017 он

Улс орон Эрэгтэйчүүд Эмэгтэйчүүд Зөрүү
Монгол Улс 65 74 9
Сири 65 77 12
Оросын Холбооны Улс* 66 77 11
Литва* 69 80 11
Беларус* 68 78 10
Украин* 67 77 10
Казахстан* 65 75 10
Латви* 70 79 9
Вьетнам 72 81 9
Эстони* 73 82 9
Сейшелийн Арлууд 70 79 9
Эль Салвадор 69 78 9
Молдав* 67 76 9
Венесуэл 71 79 8
Туркменистан* 65 71 6
Хөгжингүй орнууд 76 82 6
Хөгжиж буй орнууд 68 72 4
Буурай хөгжилтэй орнууд 63 66 3
Дэлхийн түвшинд 70 74 4

Эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан. Дэлхийн хүн амын байдал 2017 он: “Тэгш бус байдал” тайлан.

*Хуучин Зөвлөлт Холбоот Улсын харьяанд байсан орнууд


Эрчүүдийг эрүүл мэнддээ анхаардаг болгоё

Монгол дахь өвчлөлт, нас баралтын тоон мэдээг харахад бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин илүү өндөр байгаа нь биологийн хүчин зүйлээс гадна орчны болон зан үйлийн хүчин зүйлс нөлөөлж байгааг илтгэж байна. Судалгаанаас үзэхэд Монголд насанд хүрсэн эрчүүдийн 56,1 хувь тамхи татаж байгаа нь тус улсыг тамхи татдаг эрчүүдийн эзлэх хувиар дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд ороход хүргэж байна. Үүнтэй харьцуулахад монгол эмэгтэйчүүдийн ердөө 7,8 хувь нь тамхи татаж байна. Тамхи, согтууруулах ундааны хэрэглээ нь зүрхний шигдээс, цус харвалт зэрэг Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд энэ шалтгаанаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хамаагүй залуудаа нас барж байна.

Скандинавын орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд тамхидалт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг 2,4 жилээр нэмэгдүүлдэг байна. Урьд өмнө социалист байсан орнуудын нэгэн адил Монголд ч мөн архидалт ялангуяа эрчүүдийн дунд ноцтой асуудал хэвээр байна. Монгол эрэгтэйчүүдийн 39,7 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг бол энэ үзэгдэл эмэгтэйчүүдийн дунд 15,1 хувь буюу 2,5 дахин бага байна.

Мөн 2016 онд амиа хорлосон болон зуурдаар нас барсан тохиолдлын тоо (385 эрэгтэй ба 63 эмэгтэй), согтууруулах ундаа хэрэглэж нас барсан хүмүүсийн тоог (352 эрэгтэй ба 58 эмэгтэй) харахад эрэгтэйчүүд илүү давамгайлж байна. Архи, тамхины хэрэглээнээс үүдэлтэй нас баралт, зам тээврийн осол, мөн амиа егүүтгэх явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд энэ нь эрчүүд эрүүл бус амьдралын хэв маягтай байгааг илтгэж байна.

Эрэгтэйчүүд мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахыг эрмэлздэг болох хэрэгтэй байна. Тухайлбал 2016 онд эрүүл мэндийн байгууллагад хандсан давтамж эрчүүдийн хувьд 4,6 удаа байгаа бол эмэгтэйчүүд дунджаар 6,0 удаа эмнэлэгт үзүүлсэн байна (жирэмсний хяналтын үзлэг үүнд хамаараагүй болно). Монгол эрчүүд эрүүл бус зан үйлээ өөрчилбөл дундаж наслалт нь нэмэгдэх магадлалтай. Иймд эрчүүдийг бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл мэнддээ анхаардаг болгож, эрүүл зан үйлийг төлөвлшүүлэхийн тулд бид илүү ихийг хийх хэрэгтэй байна. Гэвч энэ нь тийм ч амар ажил биш юм.


Эрчүүдийн хорт зуршлыг өөрчлөе

Хөвгүүд, эрчүүд өөрсдийгөө илэрхийлэх сэтгэл хөдлөл, зан үйлийг хязгаарласан эр хүний үүрэг ролийн талаарх уламжлалт ойлголт нь “эрчүүдийн хорт зуршил”-тай салшгүй холбоотой бөгөөд энэ нь Монголын нийгмийн бүтэцтэй нягт уялдаатай. Эрчүүдийн хорт зуршил нь нийгмээс үүдэн бий болсон хандлага, зан үйл бөгөөд ямар ч хүнд төрөлхөөс заяасан зүйл биш юм. Энэ нь эр хүн гэдгээ харуулахын тулд хөвгүүд, эрчүүд ямар зан ааш гаргаж, хэрхэн авирлах талаар нийгэмд тогтсон ойлголтоос үүдэлтэй. Үүнийг дагахгүй бол нийгэмд тэднийг эр хүн хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байхад хүрч байна.

Ийм зүйлтэй бид хаа саагүй тулгардаг. Тухайлбал “Хөвгүүд уйлдаггүй юм. Битгий охин шиг зан гаргаад бай” гэж найз нар маань хөвгүүддээ хэлэх нь сонсогддог. Хөвгүүд, эрчүүд тэмцэлдэж эхлэнгүүт бид “хөвгүүд бол хөвгүүд шиг л байх ёстой” юмуу эсвэл “эр хүн юм бол эр хүн шиг бай” гэцгээдэг. Бас эрчүүд гэр бүлээ тэжээж, хамгийн их орлого олох ёстой гэж үздэг. Хорт зуршил нь хөвгүүд, эрчүүдийг сэтгэлийн хөдөлгөөнөө нууж, “эр хүний шинжгүй, хулчийгаад байлгүй” хатуу чанга байхыг шаарддаг. Хатуу чанга байж, харагдах нь хүч чадалтай эр хүнийг илтгэсэн шинж бөгөөд булчин шөрмөстэй байх нь хүчтэйн шинж, сэтгэлийн хөдөлгөөнтэй байх нь сул доройн шинж гэж үзэх явдал бий. Сул дорой харагдахаас айх явдал нь эрчүүдийг эмнэлэгт хандаж, үйлчлүүлэх, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө бүхий өндөр эрсдэлтэй зан үйлээс зайлсхийхэд сөрөгөөр нөлөөлдөг. Иймд хаа сайгүй эмэгтэйчүүдээс илүүтэйгээр эрчүүд архидалт, мансууруулах бодисны донтолт, осол, зүрх, судасны өвчинд өртөж байгаад гайхах зүйлгүй.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар байх тухай нийгэмд тогтсон ойлголт, жендэрийн тэгш бус байдал, жендэрийн эрс ялгаатай үүрэг роль нь эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд сөрөгөөр нөлөөлж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай үүрэг роль, ямар байх ёстой тухай ойлголтууд нь бид бүгдийг нөөц бололцоогоо бүрэн дайчлахад саад учруулж байна. Хүйсээр ялгаварласан ойлголтууд нь нийгмийн хөгжилд тус болдоггүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бид бүгд энэ хандлагаа өөрчлөхийн төлөө ажиллах ёстой. Эрчүүдийн хорт зуршилыг өөрчилж, эрчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр, аянуудаар дамжуулан тэднийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрэлхийлдэг хандлагатай болгох нь нийгэм дэх тогтсон ойлголтыг өөрчлөх нэг эерэг алхам юм. Тухайлбал, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан эрчүүдийг асаргааны ажилд оролцуулахын ач холбогдлыг олон нийтэд сурталчилахаар ТББ-уудтай хамтран ажиллаж, бага залууд нь жендэрийн тогтсон ойлголтын талаарх асуудлыг шийдвэрлэхээр бэлгийн цогц боловсролыг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулж байна. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан мөн хорт зуршил бүхий жендэрийн хэм хэмжээг устгахад багш, сурагчидтай хамтран ажиллах “аюулгүй сургууль” санаачилгыг эхлүүлээд байна.

Эдгээр болон бусад үйл ажиллагаанууд нь ялангуяа монгол эрчүүдийг илүү эрүүл саруул, урт удаан наслахад чухал ач холбогдолтой эрүүл мэнд, сайн сайхан амьдралын талаарх харилцан ярилцлагуудыг эхлүүлж байна.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара /Хөгжлийн салбарт 25 гаруй жил ажилласан/

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга Аюушийн Ариунзаяа /Орон нутгийн болон үндэсний засаг захиргааны салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай/