Крымийн хойгийг ОХУ-тай холбосон гүүр нээлтээ хийлээ

ОХУ-ын эх газрыг Крымийн хойгтой холбосон гүүрний нээлт мягмар гарагт болж, ерөнхийлөгч Владимир Путин өөрийн биеэр нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ. Европ тивийн хамгийн урт гүүрт тооцогдож байгаа 19 кмийн урттай энэхүү гүүр нь нийт 228 тэрбум рубль буюу 3.6 тэрбум америк долларын өртөгтэй бүтсэн байна. Гүүрийг барих ажил анх 2016 оны хоёрдугаар сард эхэлсэн бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэж байсан долоон ч компанид АНУ-ын сангийн яамнаас эдийн засгийн хориг арга хэмжээ тавих шийдвэр гаргаж байсан юм.

Эргэн сануулахад 2014 оны гуравдугаар сард Крымд бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдахад иргэдийнх нь дийлэнх хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэний дараа Кремлийн эрх баригчид Крымийн хойгийг бүрэлдэхүүндээ нэгтгэж байгаагаа зарласан юм. Тус үйл явдал нь Украины эрх баригчид болон НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарч, НҮБ-ын гишүүн орнуудын дийлэнх нь одоо ч Крымийн хойгийг Оросын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг.

Тэгвэл ерөнхийлөгч Владимир Путины засгийн газрын хувьд 2014 онд Украйнаас Крымийн хойгийг нэгтгэн авсны бүрэн дүүрэн баталгаа болгож тус гүүрийг барьж дуусгах зорилт нь ийнхүү хугацаанаасаа өмнө биеллээ оллоо. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Украйны талаас ОХУ-ыг олон улсын хууль дүрэм зөрчиж байна хэмээн шүүмжилжээ.