ГХЯ: Сунгалт хийгдсэн гадаад паспортын хугацаа нь дуусах хүртэл хүчинтэй

Сунгалт хийгдсэн гадаад паспортоор Казакстан, Израйль, Их британи болон Өмнөд африк руу зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас санууллаа. Учир нь олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан “Паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж”-д паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг. Мөн НҮБ-ын аюулгүй зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай заажээ. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны 1-р сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн. Гэхдээ энэ хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хугацаа дуусах хүртлээ хүчинтэйгээс гадна гадаадад зорчих боломжтой. Үүнээс гадна гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг Гадаад харилцааны яамнаас зөвлөлөө.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn