“Цэвэр агаар сан”-ийн санхүүгийн тайлан 2,3 тэрбум, гүйцэтгэлийн тайлан 1,2 тэрбум төгрөгийн зөрүүтэй гарч байжээ

2010 оноос монгол улс агаарын бохирдолтой тэмцэж эхэлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд сая сая ам доллар зарцуулсанч бодит үр дүн гараагүй гэдэгтэй хууль тогтоогчид санал нэгдлээ. 2010-2015 оны хооронд цэвэр агаар сан 92,2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч асар олон санхүүгийн зөрчил шалгалтаар илэрсний дээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг нэг ч удаа дүгнээгүй байх юм.

Үндэсний аудитын газар нь Цэвэр агаар сангийн хөрөнгийн зарцуулалт болон агаарын бохирдлыг бууруулах, утаа бага гаргах түлш боловсруулах зориулалтаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд Үндэсний аудитын газрын төрөлжсөн аудитын газруудаас 2009-2014 онд нийтдээ 3 удаа гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, Цэвэр агаар сангийн жилийн эцсийн санхүүгийн тайланд 3 удаа санхүүгийн тайлангийн аудит хийсэн байна. 2010 онд “Төсвөөс утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийж ЭБЭХ-ний сайд болон Нийслэлийн Засаг даргад утаагүй түлшний хэрэглээг дэмжих, бэлтгэл ажлыг хангуулах, хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний үр өгөөж, үр дүнг бодитой тогтоох талаар зөвлөмж өгсөн бол Нийцлийн аудитын газар 2013 онд “Цэвэр агаар сангийн 2011-2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт”-д, 2014 онд““ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тн хагас коксжсон түлшний үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д тус тус нийцлийн аудитаар хууль зөрчиж худалдан авах ажиллагааг зохион байгуулсан этгээд болон гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч компаниудын бүртгэл хөтлөн, хариуцлага тооцох зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад өгчсөн бол Цэвэр агаар сангийн 2011, 2014 оны санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрүүтэй байжээ. Энэ мэт зөрчил тухай бүрт илэрсээр байхад холбогдох албан тушаалтнууд ямар араг хэмжээ авсан нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм байна.

Ийнхүү хэлэлцүүлгийн дараа Өргөдлийн байнгын хорооноос оролцогчдоос гаргасан саналыг үндэслэн дараахь зөвлөмж гаргалаа. Үүнд, “Цэвэр агаар сан”-гийн Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн, санхүүгийн болон нийцлийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах, тухайлбал, Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрсөн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, “Цэвэр агаар сан”-д учирсан хохирлыг тодорхой болгож, уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах; төсөл хөтөлбөр тус бүр дээр гарсан зардал, үр өгөөжийн тооцоог хянан үзэж, буруутай этгээдэд хариуцлага тооцох. цаашид “Цэвэр агаар сан”-гийн 5 жилийн үйл ажиллагаанд санхүүгийн болон аудитын мэргэшсэн байгууллагаар шалгуулан дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн юм.

Ч.Дэгэрцэцэг