Хүүхдийн мөнгөний асуудлаар ажлын хэсгийн гишүүд санал зөрөлдлөө

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч ажлыг хэсгийг дахин хуралдуулах шийдвэр гаргалаа. Учир нь хоёр удаа хуралдсан ажлын хэсэг сүүлийн хуралдаанаараа ирц хүрээгүй байхад дүгнэлт гаргасан нь хүчин төгөлдөр бус гэж хуралд суугаагүй гишүүд нь буруутгасан байна.

2018 оны нийгмийн халамжийн төсөвт Ахмад дайчин, алдар цолтой ахмад настан, өрх толгойлсон эцэг эх, цалинтай ээж хөтөлбөр, Хүүхдийн мөнгөний зардлууд тусгагдсан. Мөн ОУВС-тай нийт хүүхдийн 80% д хүүхдийн мөнгө олгохоор тохирсон. Энэ утгаараа ажлын хэсгийн сүүлийн хуралдаанаас засгийн газрын санал болгосон хувилбарыг дэмжих санал дүгнэлт гарсан гэж ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өглөө. Харин тус ажлын хэсэгт багтсан Батзандан гишүүн энэ санал дүгнэлт хүчингүй гэлээ. Шалтгаан нь сүүлийн хуралд 7 гишүүний 3 нь л оролцож энэ дүгнэлтийг гаргасан гэлээ.

Ажлын хэсгийн эхний хуралдаанаар Сангийн яам болон холбогдох байгууллагуудад санхүүгийн боломж байгаа эсэх тооцоо судалгааг гишүүдэд өгөхийг үүрэгдсэн. 2 дахь удаагийн хуралдаанаар ч энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэх хүлээлт байсан. Гэвч гишүүдэд ямар ч мэдээлэл ирээгүй байхад ийнхүү дүгнэлт гаргасан нь буруу гэж бусад гишүүд буруутгалаа. Мөн ОУВС хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80% олго гэдэг хатуу шаардаагүй гэж сөрөн хүчинд мэдэгдсэн гэх мэдээлэл ч хөвөрлөө.

Ийнхүү засгийн газрын оруулж ирсэн нийт хүүхдийн 80% хүүхдийн мөнгө олгох, ерөнхийлөгчийн санал болгосон 100% өгөх хувилбар дээр байнгын хороо хийгээд ажлын хэсгийн гишүүд талцаж багагүй маргаан өрнөсөн. Гэвч асуудалд улс төржилгүйгээр дундын хувилбарыг оруулж ирэх боломж байгааг Бямбацогт гишүүн хөндсөн юм.

Ингээд сангийн яам болон холбогдох байгууллагуудын мэдээллийг үндэслэн энэ мэт саналыг нарийвчлан авч хэлэлцээд санал дүгнэлтээ дахин оруулж ирэхийг байнгын хороо ажлын хэсэгт даалгалаа.

Ч.Дэлгэрцэцэг