“100 айл” орчимд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна

“100 айл” барилгын материалын захын үйл ажиллагаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй байна. Түүнчлэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ нь эрүүл ахуйн холбогдох хууль, дүрэм, журамд нийцэхгүй байгааг холбогдох байгууллагуудаас удаа дараа мэдээлж байгаа.

“100 айл” барилгын материалын зах орчимд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Грентологийн төв болон өрхийн эмнэлгүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29,116-р тусгай сургууль, 186-р цэцэрлэг зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Тус захын ойролцоох тусгай сургуулийн 153 сурагчдад 2016 онд цусны шинжилгээ хийхэд тус хүүхдүүдийн 60.1 хувьд нь хар тугалга илэрсэн байна. Энэ нь зөвлөмж хэмжээнээс 5 мкграмм дицлитрээр өндөр гарчээ. Мөн “100 айл” захын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ нь эрүүл ахуйн холбогдох хууль, дүрэм, журамд нийцэхгүй байгааг батлах нэгэн жишээг дурдвал зөвшөөрөлгүйгээр элс, хайрганы худалдаа эрхэлдэг 50 гаруй аж ахуйн нэгжийн хүнд даацын 70 гаруй автомашин, механизм ажилладаг байна. Мөн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай барилгын материал худалдаалж байгаа 320 цэг байгааг судалгаагаар тогтоожээ. Сүхбаатар дүүргээс өгсөн мэдээгээр барилгын худалдаа, үйлдвэрлэл явуулж байгаа 283 барилга, байшингаас 91 нь буюу 32 хувь нь галлагаатай зуух ашиглаж байгаа нь агаарын бохирдлыг нэмэх эх үүсвэр болж байгааг нийслэлээс гарсан “100 айл”-ыг судлах судалгааны ажлын хэсгээс онцолжээ.

Тиймээс нийслэлээс “100 айл” захыг 2020 он хүртэл гурван үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг төлөвлөж НИТХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг судалгаа явуулж хотын төв хэсэгт барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл явуулах нь холбогдох хууль дүрэм, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар мэдээлсэн. Мөн “100 айл” орчимд оршин суудаг, тус захаар үйлчлүүлж байгаа иргэдээс ч барилгын захыг нүүлгэхийг дэмжиж байгааг илэрхийлсээр байгаа юм. Тиймээс “100 айл” захыг тойрсон дээрх асуудлыг иргэн, аж ахуй нэгжийг хохироохгүйгээр шийдэхийн тулд иргэдийн оролцоо чухал байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байгаа юм.

Б.Хулан