МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГИЙГ АВАРГУУД ТЭРГҮҮЛЖ БАЙНА /тойм/

 

Монголын хөл бөмбөгийн дээд лигийг гурав дахь тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Бямба гарагт “Улаанбаатар Сити” анхны ялалтаа байгуулсан бол “Сэлэнгэпресс” анхны хожигдлоо хүлээлээ. Харин “Улаанбаатар” клуб хоёр дахиа хожиж, хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсэн бол ням гарагт “Дэрэн” 8:0-ээр дээд лигийн шинэ цэргүүдийг бут ниргэж, сүүлийн тоглолтонд цомыг хамгаалагч “Эрчим” хүчтэй өрсөлдөгчөө тоглолтын төгсгөлд буулгаж авснаар ялалтын цувралаа үргэлжлүүлсэн юм. 

“УЛААНБААТАР СИТИ” АНХНЫ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ

Өнгөрсөн улирлын дэд байрын эзэн “Улаанбаатар Сити” нээлтийн тоглолтондоо тэнцэж, өнгөрсөн тойрогт “Эрчим”-д ялагдсанаар эхний хоёр тойргийг ганц оноотой үдээд байлаа. Харин тэдний энэ удаагийн өрсөлдөгчид дээд лигийн анхны гоол, анхны онооныхоо төлөө тоглосон юм. Гэвч тэд 38 дахь минутанд лигийн 10 дахь гоолоо алдсан. “Жипро” үүний өмнөх хоёр тоглолтонд есөн гоол алдаад байсан юм. Гоолын эзэн нь “Сити”-гийн шинэ тоглогч А.Нармандах байлаа. Тэрээр энэ өдөр дүбль хийж багтаа ялалт авчирлаа. “Улаанбаатар Сити” эхний хагаст 1:0-ээр тэргүүлсэн. Харин хоёрдугаар хагаст эхлээд удаагүй байхад А.Нармандах онооны харьцааг 2:0 болгосон. Тоглолтын хоёрдугаар хагаст О.Мижиддорж, Ц.Түмэнжаргал, Г.Ганбаяр гээд довтолгооны хүчээ нэмсэн ч дахин гоол орсонгүй. Гэхдээ “Улаанбаатар Сити” улирлын анхны ялалтаа байгуулж дөрвөн оноотой боллоо. Одоо Мануэл Ретамерогийн багийг өнгөрсөн улирлын хүрэл медальтнууд дараагийн тойрогт хүлээж байна.

Дээд лигийн 11 удаагийн аварга, сүүлийн гурван жил дараалан цомын эзнээр тодроод байгаа “Эрчим” клуб өнгөрсөн ням гарагт “Атлетик 220”-ийг хожсоноор эхний гурван тойргийн дараах байдлаар гурван хожлын есөн оноотой итгэл төгс тэргүүлж байна. цомыг хамгаалагчид урван тоглолтонд есөн гоол оруулж нэгийг алдсан үзүүлэлттэй байгаа өнгөрсөн жил доод лиг рүү унах дөхсөн “Улаанбаатар” клуб лигийн шинэ улирлын тэнцээгээр эхлүүлсэн ч түүнээс хойш хоёр тойрог дараалан 1:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсоноор долоон оноотой удаалж байна. “Дэрэн” мөн гурван тоглолтонд +8 бөмбөгний зөрүүтэй шинэ улирлыг эхлүүлж байна. Доод лигээс дэвшсэн багуудаас “Арвис” эхний тойрогт “Улаанбаатар Сити”-тэй тэнцсэн нэг оноотой, “Жипро” оноогүй хэвээр байгаа юм.

“УЛААНБААТАР” ДАРААЛАН ХОЖЛОО

Шинэ дасгалжуулагчийн удирдлаганд шинэ улирлыг эхлүүлээд байгаа Улаанбаатар клуб гурав дахь өрсөлдөгч нь Эрдэнэтийн “Хангарьд” байлаа. Өнгөрсөн улирал энэ хоёр баг лигийн хүрээнд хоёр удаа тоглоход эхлээд “Хангарьд”, дараа нь “Улаанбаатар” хожиж байсан. Өнгөрсөн жил тус хоёр багийн тоглолтод нийт 13 гоол орсон. Ялангуяа өнгөрсөн улирлын 17-р тойрогт “Улаанбаатар”-ынхнаас багийн ахлагч О.Баяржаргал хэт-трик хийж 6:1-ээр “Хангарьд”-ыг хожсон нь дээд лигтээ үлдэхэд чухал нөлөө үзүүлж байсан юм. Харин энэ өдөр тоглолтын 70 дахь минутанд “Улаанбаатар”-ын шинэ цэрэг Б.Балжинням цорын ганц хожлын гоолыг оруулж багтаа ялалт авчирлаа. 18 настай жигүүрийн тоглогч Б.Балжинням “Улаанбаатар” клубтэй гурван жилийн гэрээ байгуулсан юм. Ийнхүү тоглолт 1:0-ээр өндөрлөж “Улаанбаатар” клуб долоон оноотой болсон бол “Хангарьд”-ынхан ганц оноотой хэвээр үлдлээ.

Лигийн тэргүүлэгчдээс Мөнх-Эрдэнийн Төгөлдөр, Доржи Сангаджиев, “Дэрэн” клубээс буурь сэлгэсэн Х.Цэнд-Аюуш болон М.Жансерик, Ц.Төмөр-Очир нар гээд одоогоор найман тоглогч эхний гурван тойрогт тус бүр хоёр гоол оруулаад байгаа юм. Лиг эхлээд нийт багуудын 15 тоглолтонд 39 гоол орсон байна.

“СЭЛЭНГЭПРЕСС” ЭХНИЙ ХОЖИГДЛОО ХҮЛЭЭВ

2015 оны хүрэл медальт “Сэлэнгэпресс”-ийнхэн шинэ дасгалжуулагчийн удирдлаганд шинэ улирлыг муугүй эхлүүлж өмнөх хоёр тоглолтоос дөрвөн оноо аваад байлаа. “Андууд сити” 2017 оны улиралд “Гоёо Эф Си” нэрээр “Сэлэнгэпресс”-тэй хоёр тоглохдоо 1:0, 0:1 гэсэн үр дүнгүүдээр буулган авч байсан удаатай. Гэвч энэ өдөр тэд эхний хагаст тэргүүлж явсан ч эцэст нь хожигдол хүлээсэн юм. Завсарлагааны өмнөхөн “Сэлэнгэпресс”-ийн довтлогч Жон Эдуард гоол оруулж тоог нээсэн. Гэвч хоёрдугаар хагас эхлээд 10 минут болж байхад С.Дөлгөөн алсын цохилтоороо гайхалтай гоол оруулан тоог тэнцүүлснээр тулаан дахиад эхэлсэн. Улмаар хоёрдугаар хагасын дунд Б.Хаш-Эрдэнэ лигийн хоёр дахь гоолоо оруулснаар багтаа хоёр дахь ялалтыг нь авчирсан юм. Тэд сүүлийн хоёр тоглолт дараалан хожлоо.

Үндэсний лигийн дараагийн тойргийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд болно. Бямба гарагт 12:00 цагаас аваргууд “Дэрэн”-гийн талбайд буюу төв цэнгэлдэх хүрээлэнд зочилно. Харин 17:00 цагаас МХБХ-ны талбайд өнгөрсөн жилийн мөнгө, хүрэл медальт багууд хоорондоо тоглох юм. Харин сүүлийн тоглолт дараалан хожсон “Улаанбаатар”, анхны хожигдлоо хүлээсэн “Сэлэнгэпресс” багуудын хооронд болно.