Нүүдэл Шийдэл – Энэ зун та хаашаа аялахаар төлөвлөж байна вэ?

  • Монголчууд эрх чөлөөтэй, аялах дуртай хүмүүс байдаг. Түүнчлэн сүүлийн үед сошиал медиа их хөгжиж байгаатай холбоотойгоор бидний аялах хүсэл, сонирхол нь улам бүр нэмэгдэж байна.
  • Жуулчны баазууд ашиг, орлоготой ажиллая гэвэл Монгол хүмүүсийн онцлогт таарсан бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Жишээ нь наадмын үеэр ихэнх хүмүүс амралтаа авчихдаг учраас тэр үед нь харьцангуй хямд үнэтэй багц аялал санал болгож болно.
  • Үүргэвчтэй аялагчдыг бид эдийн засагт үр өгөөжгүй гэж шүүмжилж болохгүй. Харин ч үүргэвчтэй аялагчид л “тур, оператор” компаниудын хүрч чадахгүй газарт хүрч, тэндээ бага ч гэсэн хөрөнгө оруулж байдаг. Ер нь Монголыг тоож ирж байна гэдэгт нь бид баярлах ёстой.

  • Зочид буудлууд зунаас бусад улиралд арга хэмжээ олноор зохиох хэрэгтэй. Ингэхдээ дангаараа бус хамгийн эхэнд тээврийн компаниудтайгаа хамтарч байж жуулчдыг татна.
  • Бид бизнес хийж байгаа учраас статистик, судалгаа их хэрэгтэй. Жишээлбэл хэн, хаана очиж хэдэн төгрөг зарцуулж байна гэдэг тоог нарийн гаргачихвал хувийн хэвшлүүд ч гэсэн тэр газарт нь очоод өөрсдийн нөөц боломжиндоо тааруулж үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
  • Хөвсгөл явах гэж байгаа хүмүүс наадмын өмнө очвол үйлчилгээг илүү хямд үнээр авах боломжтой.
  • Италиас ирсэн жуулчдыг паста эсвэл пиззагаар дайлахыг хичээх нь буруу.
  • Хоолны чанар муу гэдэг нэрнээс салахын тулд бид хамтран ажиллаж, тухайн жуулчин ямар соёлтой, хүсэл сонирхолтой гэдгийг сайтар судлах ёстой.

  • Монголчуудын аяллын боловсрол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс өмнө зөвхөн гадны жуулчид л авдаг байсан үйлчилгээг одоо дотоодын аялагч нар ч сонирхох болжээ.
  • Аялал жуулчлал бол яг л хоол хүнстэй адил хүний нэг хэрэгцээ.
  • Тусгай сонирхлын аялал илүү өндөр ашиг олох боломж олгохоос гадна аялал жуулчлалын улирлыг уртасгадаг.
  • Манай орны аялал жуулчлалын улирал нь богинохон учир бусад орон шиг хямдхан аяллууд санал болгож болохгүй. Аль болох үнэ цэнэ шингээж, тусгай сонирхлын аяллаа хөгжүүлэх хэрэгтэй.
  • Монголын аялал жуулчлалыг үнэтэй болгох боломж их бий ч одоогоор бол тэдгээрийг ашиглахгүй байна.

  • Дотоодын аялал жуулчлал бол аялал жуулчлалын салбарын үндэс суурь нь юм. Бид дотооддоо ажиллаж байж л аяллын боловсролоо дээшлүүлнэ.
  • Дундаж давхрагын хүмүүст зориулсан аяллын бүтээгдэхүүн хомс байна.
  • Мэдээллийн төв хөдөлгөөнтэй байх ёстой. Жишээлбэл АСЕМ-ийн үеэр ашигласан 40 автобусыг мэдээлэл хүргэх төв болгочихвол илүү үр дүнтэй.
  • Төлөвлөгөө сайтай бол 4, 5 жилийн дотор л Монголыг бүрэн үзэх боломжтой.
  • Бид хүний нөөцөө чадавхжуулах хэрэгтэй. Жишээлбэл хөдөө орон нутгийн гэр баазуудыг орон нутгийн иргэдийг ажилд ав гээд тушаачихдаг. Гэтэл тушаалын дагуу авсан хүн нь наад зах нь цагаан хоол гэж юу вэ гэдгээс эхлээд мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Улмаар Монголд хоолны чанар муу гэсэн яриа их гардаг юм. Яг үнэндээ манай мэргэжлийн тогооч нар бусад улсын тогоочидтой харьцуулахад маш сайн.