“МАДРИД МАСТЕРС”-ААР СОНИН ЮУТАЙ ВЭ?

Р.НАДАЛ ШАВАР ТАЛБАЙН ЯЛАЛТЫН ЦУВРАЛАА 48 БОЛГОЛОО

“Мадрид Мастерс” тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч, цомыг хамгаалагч Рафаэл Надал нээлтийн тоглолтоо францын теннисчин Гаэл Монфилстой хийж 6:3, 6:1-ээр буулгаж авснаар, шавар талбайд байгуулсан ялалтын цувралаа 48 болгож сунгалаа. Энэ нь 1984 онд тогтоогдож байсан 49 тоглолтын рекордтой тэнцэхэд хоёр сет л дутуу гэсэн үг юм. Их дуулгын 16 удаагийн аварга, энэхүү Мадрид Опены таван цомын эзэн Надал энэ жил Монте Карло Мастерс болон Барселона Опен тэмцээнүүдэд түрүүлээд байна. Сүүлийн 38 тоглолтын 37-д хожсон. Гаэл Монфилсын эсрэг 18 тоглож, 17 дахь ялалтаа байгууллаа.

К.АНДЕРСОН МАДРИДЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

Тэгвэл энэ жил 31 насандаа замналынхаа хамгийн өндөр чансаанд хүрч, Мадридын тэмцээнд зургаад эрэмбэлэгдэн оролцож байгаа өмнөд африкийн теннисчин Кевин Андерсон хоёр дахь шатнаас тэмцээнийг эхлүүлж, урьдчилсан шатнаас шалгаран оролцож байгаа Казакстаны теннисчин Михайль Кукушкинтай тоглолоо. Кукушкин тоглолтыг тун сайн эхлүүлж 7:5-аар хожсон ч хоёр дахь сетд эцсийн мөчид ялалтанд хүрч дөнгөсөнгүй тайбрийкээр харьцаа тэнцсэн байна. Харин шийдвэрлэх сетд 6:2-оор Андерсон дахин хожиж чадсанаар гуравдахь шат буюу шилдэг 16-д үлдлээ.

Н.ЖОКОВИЧ ЗУРГААН ТЭМЦЭЭН ДАРААЛАН БҮТЭЛГҮЙТЛЭЭ

Чансааны 10-т эрэмбэлэгдэж байгаа Сербийн алдартан Новак Жокович хоёр дахь шатанд Их Британийн теннисчин Кайл Эдмундад хожигдлоо. Новак Жокович бэртлээсээ хойш сүүлийн зургаан тэмцээн дараалаад шөвгийн наймд шалгарч дөнгөсөнгүй. Тоглолтын эхний сетд 6:3-аар Эдмунд хожсон бол хоёр дахь тоглолтонд 6:2-оор Жокович харьцааг тэнцүүлсэн. Гэвч шийдвэрлэх үед 6:3-аар Серби эр дахиад хожигджээ. 23 настай Кайл Эдмунд энэ жил Австралийн их дуулгад шилдэг дөрөвт шалгарсан бол Мастерс тэмцээнд анх удаа шөвгийн 16-д үлдлээ.

АВСТРАЛИЙН ИХ ДУУЛГЫН АВАРГА ХАСАГДАВ

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Австралийн их дуулгын аварга Каролин Возняцки гурав дахь шатанд хожигдлоо. Түүний өрсөлдөгч нь Голланд бүсгүй Кики Бертенс байсан юм. Данийн алдартан 2009 онд энэ тэмцээнд шөвгөрч байсан. Түүнээс хойш 2015 онд шилдэг наймд шалгарч байсан амжилтаа энэ жил хараахан давтаж дөнгөсөнгүй. Тоглолт нэг цаг л үргэлжилж 6:2, 6:2-оор дараалан Кики Бертенс хожжээ. Тэрбээр Мадридын тэмцээнд өнгөрсөн жил шөвгийн наймд үлдэж байсан юм. Одоо түүнийг дараагийн шатанд Мария Шараповатай тоглоно.

МАРИЯ ШАРАПОВА ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА

Харин Мария Шарапова “Мадрид Опен”-ны гурав дахь тоглолтоо Францын теннисчин Кристина Младеновичтой хийсэн юм. Младенович өнгөрсөн жил энэ тэмцээнд аваргын төлөө тунаж байсан. Хоёр теннисчин үүний өмнө хоёр удаа халз тоглоход 1:1 хожиж байлаа. Өөрөөр хэлбэл энэхүү хайнаа хагалах тоглоход Шарапова 6:3, 6:4-өөр хожиж шөвгийн наймд шалгарлаа. Мария Шарапова 2013,14 онуудад дараалан Мадридын тэмцээнд шөвгөрч удаахад нь аваргаар тодорсон. 2015 оноос хойш ийм өндөр амжилт гаргаагүй юм. Одоо түүнийг дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдсэн Каролин Возняцкиг хожсон Кики Бертенс дараагийн шатанд хүлээж байгаа билээ.

А.ЗВЕРЕВ “МАДРИД МАСТЕРС”-ЫГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЭВ

Дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж байгаа Германы залуу авьяастан Александр Зверев тэмцээний нээлтийн тоглолтоо урьдчилсан шатнаас шалгарсан ОХУ-ын теннисчин Евгений Донскитой хийж амжилттай эхлүүллээ. Өнгөрсөн жил 20 насандаа хоёр Мастерс тэмцээнд түрүүлж дуулиан тарьсан Зверев энэ жил Майамид шөвгөрч, Монте Карлод хагас шигшээд шалгарсан. Энэ тоглолтонд 6:2, 7:5-аар хожиж гурав дахь шатанд шалгарснаар Аргентинийн Леонардо Майертай таараад байна. Зверев өнгөрсөн жил Мадридын тэмцээнийг шөвгийн наймаас орхиж байлаа.