АЗИЙН АВ.ЛИГИЙН ХАСАГДАХ ШАТНЫ ЭХНИЙ ТОГЛОЛТУУД БОЛЛОО

БРАЗИЛ ХӨЛ БӨМБӨГЧИД ГЯЛАЛЗАЖ ТАЙЛАНДЫН АВАРГУУД ХОЖЛОО

Тайландын аварга “Бурирам Юнайтед”-ийн талбайд Солонгосын аварга “Чонбук Моторс” зочилж Аваргуудын лигийн хасагдах шатны зүүн бүсийн эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын дөнгөж зургаа дахь минутанд талбайн эздийн бразил хөл бөмбөгчин Эдгар Силва эхний гоолыг мөргөж оруулсан юм. Эхний хагаст ахиж гоол ороогүй. Харин завсарлагааны дараахан Солонгосын аваргуудаас мөн л бразил хөл бөмбөгчин Рикардо Лопес 1:1 болгон тэнцүүлсэн юм. “Чонбук Хьюндэй Моторс” баг 2016 онд Аваргуудын лигт гурав дахиа шөвгөрч Азийн хошой аварга болсон ч өнгөрсөн жил авлигын хэргийн улмаас Аваргуудын лигт оролцох эрхээ хасуулж байлаа. Энэ өдөр хоёр багийн Бразилчууд гялалзлаа. Тайландын багийн өөр нэг бразил довтлогч Диого чөлөөт цохилтоос багтаа дахин тэргүүлэл авчирсан. Хоёр багийн аль алинд нь хоёр хоёр бразил хөл бөмбөгчин байлаа. 69 дэх минутанд эхний гоолын эзэн Эдгар Силва дахин гоол оруулснаар тооны харьцаа 3:1 болж холдсон. Тайландын аваргууд таван жилийн өмнө Аваргуудын лигт шилдэг наймд үлдэж байсан түүхээ давтахад ойрхон байна. Тоглолтын төгсгөлд онооны харьцаа ойртсон ч ялалт талбайн эздэд үлдлээ. Тоглолт 3:2-ийн харьцаатай дууссан юм. Хариу тоглолт ирэх долоо хоногийн мягмар гарагт БНСУ-д болно. “Чонбук Моторс” хожигдсон ч өрсөлдөгчийнхөө талбайд хоёр гоол оруулсан давуу талтай тоглоно.

“ТИАНЖИН” АЗИЙН ХОШОЙ АВАРГУУДЫН ЭСРЭГ ТАЛБАЙДАА ГООЛ АЛДСАНГҮЙ

Тэгвэл БНХАУ-ын Тианжин хотын олимпийн төв цэнгэлдэхэд Аваргуудын лигийн шөвгийн 16-д таараад байгаа “Тианжин Куанжиан”, “Гуанжоу Эвергранд” багууд эхний тоглолтоо хийсэн юм. Тианжиний баг өнгөрсөн жил түүхэндээ анх удаа дээд лигт гуравдугаар байр эзэлж Аваргуудын лигт хөл тавьсан. Улмаар хэсгээс шалгарч түүх бүтээгээд байгаа. Харин сүүлийн долоон жил дараалан Хятадын лигт түрүүлээд байгаа, Азийн хошой аварга “Гуанжоу Эвергранд” сүүлийн хоёр улирал Аваргуудын лигт хангалттай амжилт үзүүлж чадаагүй, өнгөрсөн жил шөвгийн наймд “Шанхай Шангганг”-д хожигдон хасагдаж байлаа. Энэ тоглолтонд гоол орсонгүй. Александре Пато, Аксел Вицел, Энтони Модесте нарын алдартнуудыг багтаа нэгтгэсэн Тианжиний баг талбайдаа гоол алдаагүй давуу үзүүлэлттэй өндөрлүүллээ. Хариу тоглолт ирэх мягмар гарагт Гуанжоу хотноо болно.

ИРАНЫ БАГУУДЫН ТОГЛОЛТ ЭЦСИЙН МӨЧИД ШИЙДЭГДЖЭЭ

Ираны Исфахан хотноо дотоодын өрсөлдөгчид болох “Зоб Ахан”, “Эстегелал” багууд Аваргуудын лигийн хасагдах шатны баруун бүсийн эхний тоглолтоо хийлээ. Өнгөрсөн жил Персийн мэргэжлийн лигт “Эстеглал” дэд байр эзэлсэн бол “Зоб Ахан” дөрөвт орсон. Харин одоо “Зоб Ахан” хоёрт, “Эстеглал” гуравт эрэмбэлэгдэж байгаа. Хоёр баг дотоодынхоо лигт хамгийн сүүлд тоглоход 2:1-ээр “Зоб Ахан” хожиж байлаа. “Зоб Ахан” 2010 онд дэд байр эзэлж байсан түүхтэй юм. Харин “Эстеглал” Азийн аваргаар хоёр удаа тодорч, хошой мөнгө, хүрэл медаль хүртэж байсан нь Ираны багуудаас хамгийн өндөр амжилт юм. Тэгвэл энэ өдөр тоглолтын үндсэн цагт гоол орсонгүй. Гэхдээ шүүгчийн мэдлийн эхний минутанд “Эстеглал”-ын хамгаалагчийг шүүгч гар хүрсэн гэж үзсэнээр торгуулийн цохилт заасан. Ингээд хожлын гоол 11 метрийн цохилтоос орж 1:0-ийн харьцаатай “Зоб Ахан” талбайдаа хожжээ. Хариу тоглолт Улаанбаатарын цагаар ирэх долоо хоногийн мягмар гарагийн шөнө Тегеран хотноо явагдана.

КАТАРЫН АВАРГУУД ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ ТАЛБАЙД ДӨРВӨН БӨМБӨГ ОРУУЛЛАА

2016 онд Азийн аваргуудын лигт гурав дахиа шөвгөрч байсан “Аль Аин” баг Катарын лигийн аварга “Аль Духаиль”-ийг талбайдаа хүлээн авч хасагдах шатны тоглолтоо эхлүүллээ. Тоглолтын 16 дахь Катарын багийн довтолгоо амжилттай болж Франц, Испанийн лигт тоглож явсан морокко довтлогч Юсүф Эл-Араби тоог нээсэн юм. Ингэснээр тэрээр “Аль Садд” клубын алжир хөл бөмбөгчин Багдад Бунеджатай ижил долоон гоолоор Аваргуудынн лигийн мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ. Эхний хагас 2:0-ээр дууссан. Катарын багийн солонгос хөл бөмбөгчин Нам Тэ-Хи гайхалтай хурд гаргаж багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм. Одоо 26 настай Нам Тэ-Хи Английн Ридинг клубээс гарч, Францын Валансьен клубд хоёр улирал тоглоод, 2012 оноос хойш Катарын багт тоглож байгаа юм. Завсарлагааны дараахан эхний гоолын эзэн Юсүф Эл-Арабигийн дамжуулалтаас Исмаеел Мохаммад багийнхаа гурав дахь гоолыг оруулсан. Катарын лигийн сүүлийн найман жилийн зургаад нь түрүүлсэн “Аль Духаиль”-ийнхан Аваргуудын лигт шөвгийн наймаас хэтэрч байгаагүй ч сүүлийн хоёр улирал түүндээ ч хүрч чадахгүй байгаа. Гэхдээ энэ өдөр 55 дахь минут гэхэд 4:0-ээр тэргүүлж байлаа. Нам Тэ-Хигийн дамжуулалтаас Алмоез Али багийнхаа дөрөв дэх гоолыг оруулсан юм. Энэ тоглолт эцэстээ 4:2-ийн харьцаатай дууслаа. Өөрөөр хэлбэл Катарын аваргууд шөвгийн наймд тун ойрхон болоод байна.

“УЛЬСАН” ЭХНИЙ ТОГЛОЛТОНД ТАЛБАЙДАА ХОЖИВ

Азийн хөл бөмбөгийн клубуудын Аваргуудын лигийн хасагдах шатанд таарсан Солонгосын хоёр баг эхний тоглолтоо хийлээ. “Ульсан Хьюндэй”-гийн талбайд “Сувон Блювингс” зочилж тоглосон. Сувон хотын баг 2000 оны эхээр хоёр жил дараалан Азийн аварга болж байсан бол “Ульсан” 2012 онд Аваргуудын лигт түрүүлж байлаа. Энэ тоглолтын тухайд 67 дахь минутанд хожлын ганц гоол зочдын хаалганд орсон юм. Өөрөөр хэлбэл “Ульсан Хьюндэй” талбайдаа 1:0-ийн харьцаатай хожлоо. Хариу тоглолт ирэх долоо хоногийн лхагва гарагт Сувон хотод болно.

“КАШИМА” ШӨВГИЙН НАЙМД ТУН ОЙРТЛОО

Тэгвэл Японы “Кашима Антлерс” талбайдаа Хятадын “Шанхай Шангганг” багийг хүлээн авч тоглосон юм. “Кашима Антлерс” 10 жилийн өмнө Азийн аваргуудын лигт шөвгийн наймд шалгарч байсан амжилтаа энэ жил давтахад ойрхон боллоо. Учир нь тэд энэ тоглолтонд 3:1-ийн харьцаатай хожсон юм. “Шанхай Шангганг” хоёр жилийн өмнө анх удаа Аваргуудын лигт оролцохдоо шөвгийн найм, өнгөрсөн жил хагас шигшээд шалгарсан. Энэ удаад хариу тоглолтонд дор хаяж 2:0, эсвэл гурван бөмбөгний зөрүүтэй хожих даалгавартай үлдлээ.