Хаврын бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцэн Эрдэнэт хотод газар шорооны ажил эхэлсэн. Гэхдээ экскаваторын газар ухах чимээнээс илүүтэйгээр хаана барилгын ажил эхлүүлж байна вэ гэдэг асуудал иргэдийн бухимдлыг төрүүлнэ. Энэ газар бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн ойн бүтээн байгуулалт бүхий цэнгэлдэх хүрээлэн буюу Орхон аймгийн иргэдэд зориулсан олон нийтийн өмч. Гэтэл өнөөдөр энэ цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанд 2 га газрыг нэр бүхий компанид олгож, 288 айлын орон сууц барихаар болжээ. Энэ талаар иргэдийн онцолж байгаагаар Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг эргэн тойрон орон сууцаар бүчүүлсэн, завсар зайгүй талбайтай болох хувь заяа хэзээ мөдгүй ойрхон гэж үзэж байна. Тэгвэл “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын талбайн хашаанд орон сууц баригдах гэж байгаатай холбоотойгоор 2018 оны 5-р сарын 3-ны 17:00 цагаас 7-ны өдрийн 20:00 цаг хүртэл явагдсан санал асуулгад нийт 2916 иргэн оролцсоноос 2565 нь орон сууц барихыг эсэргүүцжээ. Гэхдээ Эрдэнэт хотын иргэд төрөлх хотоо орон сууцжуулж, шинэ бүтээн байгуулалтын төлөвлөлт хийхэд талархалтайгаар хандаж байгаа. Гэхдээ зураг төсөл мөрөөдөл чигээрээ цаасан дээр үлддэг жишиг болох уу эсвэл үнэ нь тэнгэрт хадсан орон сууцны хороолол байгуулагдах уу гэсэн асуултын хариултыг авахыг хүсч байна. Мөн аймгийн иргэдээ орон сууцжуулна гэдэг бүтээн байгуулалтын далбаан дор иргэд өөрсдөө наадамлах талбайгүй болох вий гэдэг хардлага байгаа юм байна. Мэдээллийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn