БНХАУ-ын дарга Си Зиньпиний өрсөлдөгч бүх насаараа хоригдох ял сонслоо

БНХАУ-ын дарга Си Зиньпиний залгамж халааг авч дараагийн удирдагч болох өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан Сунь Чжэнцай авлига авсан хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан байна. Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр тэрээр ялын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр 2002-2017 оны хооронд хэд хэдэн удирдах албан тушаал гүйцэтгэх хугацаандаа нийт 170 сая юань буюу 27 сая ам.долларын авлигыг бэлнээр болон бусад хэлбэрээр авсан гэдгээ өнгөрөгч сард өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн юм. Өдгөө 54 настай Сунь Чжэнцай нь Хятадын эрх баригч Коммунист намын улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд ирээдүйд Хятадын төрийг удирдан авч явах өндөр магадлалтай гэж тооцогдож байсан юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпий хувьд 2012 онд засгийн эрхэнд гарсан цагаасаа хойш Хятад улс даяар авлига хээл хахуулийн хэрэгтэй тэмцэх томоохон хэмжээний кампанит ажлуудыг хийж эхэлсний улмаас тус улсын 1 сая гаруй төрийн алба хаагч авлигын хэрэгт орооцолдоод байгаа юм. Хятад улсын нэрт удирдагч Мао Зэдунтай эн тэнцүү хэмжээнд яригдах болсон Си Зиньпиний хувьд энэхүү кампанит ажлынхаа хүрээнд өөрийн гол өрсөлдөгчдөө унагаах алхмуудыг хийсэн гэж зарим ажиглагчид дүгнэдэг.

Чончин хотын намын даргаар ажиллаж байгаад Их Британийн нэгэн бизнесмэний аллагын хэрэгт нэр холбогдож, мөн л авлигын хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон Бо Шилайгийн дараа Сунь Чжэнцай түүний халааг 2012 онд авч байжээ. Харин одоо тус албыг өнгөрөгч онд улс төрийн товчооны 25 гишүүний нэгээр сонгогдсон Си Зиньпиний гарын шавь Чэн Мин Ир хашиж байгаа юм.