Владимир Путин ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө

Vladimir Putin speaks with his hand on the Constitution during his inauguration ceremony as new Russia's president in the Grand Kremlin Palace in Moscow, Russia, on Monday.

Өнгөрөгч 3-р сард явагдсан ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 77 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслол өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагт болсон байна. Тэрээр ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, үндсэн хуулиа сахиж, тусгаар тогтнолоо хамгаалан, төр засаг болон ард түмэндээ үнэнчээр зүтгэнэ гэсэн тангараг өргөжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсон Владимир Путины хувьд ийнхүү тангараг өргөснөөр Орос улсын төрийг 2024 он хүртэл буюу 71 нас хүртлээ дахин 6 жил удирдахаар болж байна. Өдгөө 65 настай тэрээр 2000 оноос хойш ОХУ-ын ерөнхий сайдын болоод ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус гүйцэтгэж байгаа юм. 2000-2008 он хүртэл найман жил ОХУ-ын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгээд улиран сонгогдох хугацаа нь дууссан тул ерөнхий сайдын албыг хашиж, харин Дмитрий Медведев ерөнхийлөгчийн суудалд сууж байсан бол түүнээс дөрвөн жилийн дараа буюу 2012 онд Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон байдаг.

Ерөнхий сайдын болоод төрийн тэргүүний хувиар ОХУ-ын төрийг 18 жилийн турш тасралтгүй жолоодож яваа түүнийг сөрөг хүчнийхэн эзэн хаан буюу “цар”-тай адилтган тодорхойлдог. Энэхүү ёслолоос өмнө буюу бямба гарагт нийслэл хот Москва болон бусад хэд хэдэн хотуудаар “Путин бол бидний “цар” биш” гэсэн уриан доор хэдэн мянган хүн цуглаж ерөнхийлөгч Владимир Путины эсрэг эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Жагсаалын үеэр 1000 гаруй хүн баривчлагдсанаас тэр дунд сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан, цагдаагийн ажилтны эсрэг эсэргүүцэл үзүүлсэн зэрэг үндэслэлээр баривчлагдсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг Путины хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж дэмжигчид нь найдлага тавьж байсан хэдий ч авлигын хэрэгт нэр холбогдсон гэсэн үндэслэлээр нэр дэвших эрхгүй болсон юм.

navalny зурган илэрцүүд