Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт орно

Өнгөрөгч 3 сард УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Түүнээс хойш ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, таван ч дэд хэсгийг байгуулаад ажиллаж байгаа.

Тэгвэл ажлын хэсэгт өөрчлөлт оруулах асуудал өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд яригдаж ахлагчийг солих хийгээд бүрэлдэхүүнд зарим нэг гишүүдийг нэмж оруулах тухай хөндөгдсөн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирын оронд дэд ахлагч Д.Тэрбишдагва гишүүнийг тавихаар яригдаж, бараг шийдвэрт хүрсэн гэгдэж байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан гээд хэд хэдэн гишүүнийг нэмж оруулахаар ярьжээ. Чухам яагаад ажлын хэсэгт өөрчлөлт оруулж байгаа талаар одоогоор ямар нэгэн тайлбар байхгүй байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэд хэдэн шүүмжлэл өрнөсөн. Тодруулбал ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг ажлын хэсэгт оруулсан гэгдсэн бол О.Баасанхүү гишүүн ажлын хэсгийн эрч сүүлийн үед суларлаа гэж мэдэгдээд амжсан. Ирэх 6 сарын 23 ны өдөр Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт ямар байгааг УИХ-д танилцуулах учиртай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт оруулах шаардлага хийгээд ашиг сонирхол хэнд байж болох нь одоогоор тодорхойгүй байна.

Ч.Дэлгэрцэцэг