Трамп-Кимийн уулзалтыг угтан Хойд Солонгос АНУ-ын гурван иргэнийг суллаж, нутаг буцааж магадгүй

In an April 29, 2016, file photo, Kim Dong Chul, center, a U.S. citizen detained in North Korea, is escorted from a courtroom after his trial in Pyongyang, North Korea. He is one of three Americans currently detained by the Pyongyang regime.

БНАСАУ-д хоригдож байгаа АНУ-ын гурван иргэнийг Хойд Солонгосын тал шоронгоос суллан Пхеньян дахь зочид буудал руу шилжүүлж, сайн чанарын хоол хүнс болон шаардлагатай эмчийн тусламжийг үзүүлж байна гэж албаны эх сурвалж мэдээлснийг BBC агентлаг уламжиллаа. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар сар хүрэхгүй хугацааны дараа хэлэлцээрийн ширээний ард суух гэж байгаатай холбогдуулан уулзалтын уур амьсгалыг зөөлрүүлэх үүднээс ийм шийдвэрт хүрсэн байж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Хойд Солонгост хоригдож байгаа иргэдээ эх оронд нь буцаан авч ирэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авч байгаа тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрээр лхагва гарагт “АНУ-ын хуучин удирдлагууд БНАСАУ-д барьцаалагдсан иргэдээ эргүүлэн авч ирэх оролдлогыг эртнээс хийж ирсэн ч амжилт олоогүй гэдгийг хүн бүр мэднэ. Харин одоо анхаарлаа хандуулна уу” хэмээн твиттертээ бичжээ.

АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампыг ерөнхийлөгчийн суудалд суусны дараа буюу 2017 онд АНУ-ын хоёр ч иргэн Хойд Солонгост хоригдсон юм. Ким Хак Сон, Ким Сан Дук, Ким Дон Чул гэх Солонгос гаралтай Америк иргэдийг хойд Солонгосын тал суллаж, эх орон руу буцаан явуулах гэж байгаа тухай мэдээллийг анх Хойд Солонгостой холбоотой байдаг Өмнөд Солонгосын иргэн мэдээлсэн бөгөөд одоогоор баттай эсэхийг нь хэлэхэд эрт байна гэж АНУ-ын төрийн департмент мэдэгдсэн байна.

Эдгээр гурван иргэний нэг Ким Дон Чул нь 2016 оны 4-р сард тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр Хойд Солонгосын шүүхээс 10 жилийн хорих ял сонссон юм. Харин Пхеньяны Шинжлэх Ухаан, Технологийн их сургуульд ажиллаж байсан Ким Хак Соны хувьд 2017 оны 5-р сарын 6-нд Хойд Солонгосын дэглэмийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр баривчлагджээ. Харин түүнээс хоёр долоо хоногийн дараа тус улсад хүмүүнлэгийн шугамаар ажиллаж байсан Ким Сан Дук буюу Тони Ким мөн л тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдсан байна. Эдгээр гурван иргэнээ буцаан авах асуудлаар өнгөрөгч сард Хойд Солонгост айлчлал хийсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсын удирдагч Ким Жон Унтай хэлэлцсэн тухай мэдээлсэн байна.

Б.Амарзаяа