С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж МУ-ын Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг хориод байсан юм. Тэгвэл өнөөдөр /2018.05.01/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх хурал боллоо. Шүүхийн шийдвэрээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болсон бол Б.Ариунсанд хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргасан байна.

Эргэн сануулахад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг АТГ-аас мэдүүлэг авахаар дуудаж, цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар дөрөвдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газраас тэднийг яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлж, 30 хоног цагдан хорихоор болсон. Тэгвэл өнөө өглөө \2018.05.01\ цагдан хорих хугацаа дууссан учраас Нийслэлийн прокурорын газраас Б.Ариунсангийн биеийн байдалтай холбоотойгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналуудыг 2018 оны 5-р сарын 1-нд ирүүлснийг хүлээн авч, холбогдох шүүх хурлаар дээрх шийдвэрийг гаргасан аж.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын 2009 оны гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан С.Баярцогт, МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр, Дубайн гэрээтэй холбоотойгоор ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьсон. МУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих 30 хоногийн хугацаа 5-р сарын 10-нд дуусгавар болох юм.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn