МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИД ААШТ-Д ОРОЛЦСОН ТОЙМ

МОНГОЛЫН БАГ ХЭСГИЙН ШАТАНД ТАЙВАНИЙГ ХОЖИЖ, КАТАРТ ХОЖИГДОВ

БНХАУ-ын Шэньжэнь хотноо ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах цомын тэмцээн гурав дахь удаа зохион байгуулагдаж өнгөрсөн жилийн аварга Монголын баг хэсгийн эхний тоглолтоо Тайваний багийн эсрэг хийсэн юм. Өнгөрсөн жил Монголын баг хасагдах шатанд 21:13-аар Тайваний багийг хожиж байлаа. Гэхдээ энэ жил Тайваний тэрхүү бүрэлдэхүүнээс нэг л тоглогч байсан юм. Тэдний багийн дундаж нас 20, хамгийн өндөр чансаатай нь 3683-т эрэмбэлэгдэж байлаа. Тоглолтын үндсэн цагийн дунд Г.Цэнгүүнбаярын хоёр онооны шидэлт амжилттай болж онооны зөрүүг 10:4 болгосон. Гэхдээ тоглолтын сүүлийн минутанд онооны харьцаа тэнцээд байлаа. Улмаар Тайваний багийнхан дараалаад хоёр ч удаа хоёр онооны шидэлт хийсэн ч хараахан байгаа оносонгүй. Харин Монголын багаас Д.Дэлгэрнямын довтолгоо амжилттай болж 15:14-ийн харьцаатай Монголын баг ААШТ-ийг хожлоор эхлүүлсэн юм.

Тоглолтын бүтэн бичлэг:

Харин хэсгийн удаах тоглолт Катарын эсрэг байлаа. Тэдний багийн дундаж нас 31.2 байлаа. Энэхүү Азийн цом тэмцээн анх 2013 онд Доха хотноо зохион байгуулагдахад Катарын баг түрүүлж байсан түүхтэй ч, өнгөрсөн жил Улаанбаатарын тэмцээнд хэсгээс шалгарч чадаагүй юм. Харин энэ жил тэд Тайваний эсрэг тоглолтонд 21:17-оор хожсон учир хэсгийн тэргүүшиуцллийн төлөө Монголын багийн эсрэг тоглосон юм. Сонирхолтой нь тоглолтын цаг дуусахаас 30 секундын өмнө Э.Дөлгөөний хоёр онооны шидэлт амжилтгүй болсон ч Д.Дэлгэрням нэмж 19:17 болгоод байсан юм. Гэвч хариу довтолгоонд Катарын багаас Тангю Нгомбо хоёр онооны шидэлтээр тоог тэнцүүлсэн. Ингээд тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж нэмэлт цагт ялагч тодорсон юм. Харин нэмэлт цагт Д.Дэлгэрням хамгаалалтын алдаа гаргаж, торгуулийн шидэлтээс Катарын баг 20:19-өөр тэргүүлж эхэлсэн. Улмаар тэд 21:19-өөр энэ тоглолтонд хожсоноор хэсгээ тэргүүлэн шилдэг наймд шалгарсан юм.

Тоглолтын бүтэн бичлэг:

Ийнхүү хоёрдугаар байраар шалгарсан Монголын баг хасагдах шатанд Йордантай таарсан. Йорданы баг тэмцээний “Си” хэсгийг тэргүүлсэн юм. Хожвол Шинэ Зеланд, БНХАУ-ын багуудын ялагчтай хагас шигшээд тоглох байлаа.

Э.ДӨЛГӨӨН ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН ШИЛДГЭЭР НЭРЛЭГДЛЭЭ

Тэмцээний эхний өдрийн шилдэг тоглогчоор, өнгөрсөн жилийн тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч Энхбатын Дөлгөөн нэрлэгдсэн. 26 настай, 190 см өндөр, 90 кг жинтэй тэрбээр тоглогчийн чансаагаар дэлхийд 43-т эрэмбэлэгдсэн юм. Ялангуяа түүний Катарын багийн эсрэг хийсэн тоглолтууд гайхалтай байлаа.

Мөн Азийн аварга шалгаруулах цомын тэмцээний эхний өдрийн шилдэг таван тоглолтын нэгдүгээр байранд Э.Дөлгөөний цагаригт хийсэн тохолтыг нэрлэсэн юм.

Эхний өдрийн шилдэг таван тоглолт:

МОНГОЛЫН БАГ ХАСАГДАХ ШАТАНД ЙОРДАН, ШИНЭ ЗЕЛАНДЫН БАГУУДЫГ ХОЖЛОО

Ийнхүү Монголын баг хасагдах шатны эхний тоглолтоо Йорданы багийн эсрэг хийсэн юм. Тэмцээний өмнөх багуудын чансааг Монголын баг тэргүүлж, Йорданчууд зургаад эрэмбэлэгдэж байсан. Тоглолт эхлээд минутын дараа гэхэд Монголын баг 4:0-ийн харьцаатай тэргүүлж байв. Улмаар тоглолтын цаг талдаа орж байхад Г.Цэнгүүнбаяр дамжуулалт тасалж хоёр онооны шидэлт амжилттай гүйцэтгэснээр 13:6-аар долоон онооны зөрүүтэй Монголын баг тэргүүлж байлаа. Эцэст нь 21:12-ийн харьцаатай хожсоноор шилдэг дөрөвт тунасан. 3х3 сагсан бөмбөгт 21 оноо авсан баг ялалт байгуулдаг учир тоглолтыг цагаас нь өмнө дуусгасан юм.

Тоглолтын бүтэн бичлэг:

Шөвгийн наймд Катарын баг 15:18-аар Японы багт хожигдсон бол Австралийн баг 21:9-өөр БНСУ-ын багийг бут ниргэсэн. Харин Шинэ Зеланд, БНХАУ-ын багуудын тоглолт 21:20-оор өндөрлөж Монголын баг хагас шигшээд Шинэ Зеландын багийн эсрэг тоглохоор болсон юм.

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИД 3Х3 ААШТ-Д ДАХИН ШӨВГӨРЛӨӨ

Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон ААШТ-ий аваргын төлөө тунаж байсан Монгол, Шинэ Зеландын залуус энэ жил шөвгийн дөрөвт таарч тоглолоо. Шинэ Зеландын өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс хамгийн өндөр чансаатай тоглогч нь болох долоо дугаартай Рори Фэннон өнгөрсөн жилийн тэмцээнд оролцож байсан юм. Тоглолт эхлээд гурван минут болж байхад Г.Цэнгүүнбаярын хоёр онооны шидэлт амжилттай болж 6:4-ийн харьцаатай Монголын баг тэргүүлээд эхэлсэн. Улмаар 30 орчим секундын дараа Э.Дөлгөөн мөн л хоёр онооны шидэлт амжилттай гүйцэтгэж онооны харьцааг 8:5 болгосон. Дараа нь цаг дуусахаас зургаан минут гаруй дутуу байхад дахин Г.Цэнгүүнбаярын амжилттай шидэж 10:6-аар дөрвөн онооны зөрүүтэй Монголын баг тэргүүлж байлаа. Улмаар цаг дуусахаас гурван минут 20 секунд дутуу байхад Э.Дөлгөөний хоёр онооны шидэлт цагаригт орж 17:9 буюу найман онооны зөрүүтэй Монголын залуус тэргүүлж байсан юм. Ингээд эцэст нь 21:16-аар хожиж хоёр жил дараалан ААШТ-ий шувтаргын тоглолтонд тунасан юм. Харин Шинэ Зеландын баг хүрэл медалийн төлөө тоглосон.

Тоглолтын бүтэн бичлэг:

Харин аваргын төлөөх тоглолтонд Монголын залуусыг Австралийн сагсан бөмбөгчид хүлээж байлаа. Өнгөрсөн жил энэ тэмцээний хагас шигшээд Монголын баг 19:17-оор Австралийн багийг хожиж байсан. Тухайн үед Монголын эсрэг тоглож байсан долоо дугаартай Эндрю Стийл, дөрөв дугаартай Оуэн Одиги хэмээх хоёр тоглогч Австралийн багийн энэ жилийн бүрэлдэхүүнд нь байлаа. Австралийн баг энэ жилийн тэмцээнийг сонгон шалгаруулалтаас эхлүүлж үүний өмнө есөн тоглолт хийхдээ бүгдэд нь хожоод байсан юм. Тоглолт эхлээд хоёр минут хагас өнгөрч байхад Австралийн багаас Том Врайтын хоёр онооны довтолгоо амжилттай болж 7:2-оор тэргүүлж эхэлсэн. Гэхдээ аваргууд тоглолтын төгсгөлд онооны зөрүүг нөхөж чадсан юм. Цаг дуусахаас 17 секундын өмнө Д.Дэлгэрням онооны харьцааг 15:15 болгон тэнцүүлсэн. Улмаар Австралийн багаас Том Врайтын шидэлт амжилтгүй болж Э.Дөлгөөн самбараас бөмбөг авахад түүн дээр алдаа гаргасан. Ийнхүү Монголын багт ялалт байгуулах боломж гарч ирсэн ч харамсалтай нь Э.Дөлгөөн торгуулийн шидэлтээ оруулсангүй тоглолт нэмэлт цагт шилжсэн. Харин нэмэлт цагт Д.Дэлгэрням багтаа оноо авчирч 16:15-аар цомыг хамгаалагчид тэргүүлж эхэлсэн ч Австралийн багаас Томас Гарлепп гайхалтай шидэлт гүйцэтгэснээр 17:16-ийн харьцаатай хожиж Австралийн эрэгтэй баг анх удаа Азийн аварга болсон юм. 3х3 сагсан бөмбөгт нэмэлт цагт түрүүлж хоёр оноо авсан баг хождог дүрэмтэй.

Тоглолтын тойм бичлэг:

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИД АВАРГЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТЫН ЭЦСИЙН МӨЧИД ХОЖИГДОВ

Тоглолтын бүтэн бичлэг:

Ийнхүү Австралийн баг 10 тоглолтоос нэг ч ялагдалгүй түрүүлж, өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн амжилтаа алт болгон ахиуллаа. Өнгөрсөн жил Австралийн эмэгтэй баг тэмцээний аварга болж байсан. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтонд Японы баг 21:20-оор Шинэ Зеландыг хожиж мөн анх удаа медалийн тавцанд гарсан юм. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 22 улсын баг өрсөлдсөн юм. Тэгвэл шигшээ тоглолтонд Монголын багийн эсрэг хожлын оноог багтаа авчирсан Томас Гарлепп тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорлоо. 32 настай тэрээр шигшээ тоглолтонд 10 оноо авсан юм.

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИД 3Х3 ААШТ-Д ДЭД БАЙР ЭЗЛЭВ

Э.ДӨЛГӨӨН БЭЛГЭДЛИЙН ШИГШЭЭД БАГТЛАА

Тэгвэл тэмцээний бэлгэдлийн шигшээд Томас Гарлеппээс гадна Монголын багаас өнгөрсөн жилийн МВП Э.Дөлгөөн, Японы багийн Кейта Сузуки нар багтсан. Э.Дөлгөөн тэмцээний таван тоглолтонд 29 оноо авч нийт үзүүлэлтээр хоёрт эрэмбэлэгдсэн бол Японы багийн тоглогч Кейта Сузуки 28 оноо багтаа авчирчээ.

Тэмцээний сүүлийн өдрийн шилдэг таван тоглолтын дөрөвт Э.Дөлгөөний хагас шигшээд Шинэ Зеландын эсрэг хийсэн тоглолтын үеэр гайхалтай хамгаалалт нэрлэгдсэн байна. Харин сүүлийн өдрийн хамгийн шилдэг тоглолтоор Томас Гарлеппийн хожлын шидэлтийг нэрлэжээ.

Сүүлийн өдрийн шилдэг таван тоглолт:

Тэмцээний шилдэг 10 тоглолт: