Интернет банкны халдлага голдуу цахим хаягаар дамжин үйлдэгддэг. Ингэхдээ ихэвчлэн олон нийтийн сүлжээнд санал асуулга, сугалаа, сонжоо зэрэг хуурамч мэдээлэл тарааж нууц үгийг нь хакердах тохиолдол их гарч байгаа гэдгийг эрүүгийн цагдаагийн албанаас мэдэгдсэн. Одоогоор 50 иргэн рүү мэдээлэл явуулах замаар 7000 хүнийг хакердсан жишээ байна. Манай улсын хэмжээнд төлбөрийн карт эзэмшигч 3.8 сая хүн байдаг. Монголбанкны хөдөлгөөнт тайлангийн 2017 оны 4-р улирлын мэдээллээр 640 мянга гаруй идэвхтэй хэрэглэгч интернет банкны үйлчилгээг, 1 сая 637 мянган хүн мобайл хандалтаар банкны гүйлгээ хийсэн. Техник технологийн ачаар банкны хамгаалалт сайжирсан ч иргэдийн өөрсдийн сонор сэрэмжгүй байдал, интернет банкны кодоо найдвартай хадгалаагүйгээс, эсвэл амархан нууц үг бичсэнээс эрсдэл үүсч байна. Үүнээс гадна иргэд өөрсдөө олон нийтийн сүлжээнд санал асуулга, сугалаа, сонжоо зэрэг хуурамч мэдээллийн холбоос линк рүү орж үздэг. Улмаар нууц үгийг нь хакердаж, иргэд рүү мэдээлэл явуулах замаар хохироох тохиолдол гарч байна. Тухайлбал бусдын фэйсбүүкийг хакердаж, мөнгөний хэрэг гарчихлаа. Энэ данс руу мөнгө шилжүүлээд өгөөч гэх байдлаар мөнгө залилсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгагдаж байна. Цахим банкны аюулгүй байдлыг хангаж, төлбөрийн эрсдэлээс сэргийлэхийн тулд компьютрээ хамгаалагдсан эсэхийг шалгаж, хуурамч сайтаас өөрийгөө хамгаалж, онлайн худалдан авалт хийхдээ болгоомжтой хандаж, банкны хуулга шалгаж байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.

 

 

 

 

 

 

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn