УИХ дахь Ардчилсан намын бүлэг: Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулахгүй бол дараагийн шатны арга хэмжээ авна

Өнгөрсөн даваа гаригт Улсын их хуралд дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар ерөнхий сайд У.Хүрэлсүхд засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах шаардлага хүргүүлж байсан. Тэгвэл энэ удаа дахин шаардлага хүргүүж байгаагаа мэдэгдлээ. Мөн өнгөрсөн долоо хоногт нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж чагнасан хэргийг прокуророос шалгаж байгаатай холбогдуулан УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны даргад албан тоот хүргүүлж байгаа тухай тус тус мэдэгдлээ. Нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж чагнасан хэрэгт цагдаагийн байгууллагын албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн тухай прокуророос мэдээлсэн. Тиймээс дээрх хэрэг нь хувь хүний нууц, тагнах чагнах хууль тогтоомжийг зөрчсөн тул тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулахыг албан бичгээр ардчилсан намын бүлгээс мэдэгдсэн юм.

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагатайгаас гадна 2018 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэн яаралтай буюу ирэх сарын 14-ний дотор өргөн барихыг ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтээ тусгажээ.

 

Б.Одонгарав