Үйлчилгээний газруудын галын аюулгүй байдал хангагдаж чадсана уу?

Сарын өмнө ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн. Үүнийг эх сурвалжууд тухайн өдөр галын дохиолол ажиллаагүй, аврах гарцууд хаалттай байсан зэрэгтэй холбон тайлбарлаж, мэдээлж байсан юм. Хэдийгээр энэхүү эмгэнэлт хэрэг явдал манай хөрш оху-д гарсан ч гэлээ, аль ч улс, хот сууринд үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төвүүд, кино театруудад сургамжтай, бас анхаарууштай явдал болсон юм. Аливаа барилга байгууламжийг барихад галын аюулгүйн байдлыг хамгаалалтыг зураг төсөлд хэрхэн тусгасныг хот төлөвлөлтийн газар болон онцгой байдлын ерөнхий газраас шалгаж хянасны эцэст зөвшөөрөл олгодог юм байна. Нийслэл хотод хамгийн их хүн цуглардаг үйлчилгээний төвүүдийн тоонд кино театрууд ордог. Үзвэр үйлчилгээний газруудын хувьд нийтлэг гардаг алдаа бол галын дохиолол, тоног төхөөрөмж байнгын ажиллагаатай байх ёстой ч зарим үед ажиллуулахгүй зөрчил гарч байсан байна. Нийслэлийн хамгийн их үзэгчтэй кино театрын нэг болох өргөө 2т гэхэд хэдийгээр галын аюулгүйн гарцын тэмдэг тэмдэглэгээ байсан ч гэсэн хангалттай хэмжээнд биш байна. Зарим аюулгүйн гарц зөвхөн ажилтаны картаар онгойж байсан. Галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймрийн улсын хяналтын дүрмийг ААН-үүд үйл ажиллагаандаа тусгах ёстой байдаг. Өнгөрсөн онд ОБЕГ-аас нийслэлийн 456 барилга байгууламжид шалгалт хийхэд 736 зөрчил ихэвчлэн худалдаа үйлчилгээний төвүүдэд илэрчээ. Харин иргэдийн хувьд галын гарц аюулгүйн хаалганы талаар мэдээлэл маш бага байсан юм.

 

Б.Одонгарав