Жалга, үерийн далан, өндөр хүчдэл, усан сангийн ойролцоо газрыг иргэнд өмчлүүлэх боломжгүй

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу ирэх сарын 1-нд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг дуусгавар болох ёстой байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт засгийн газраас тус хуулийн хугацааг 10 жилээр сунгахаар хуулийн төсөл уих-д өргөн барьсан. Тэгвэл хуулийн хэрэгжих хугацаа дуусахтай зэрэгцэн дүүргийн газрын алба ачаалалттай ажиллаж зарим дүүргийн газрын албанд мэргэжилтэн нэмж ажиллуулж эхэлжээ.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж 2003 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. өнөөдрийг хүртэл хугацаанд 3 удаа гэр бүлийн хэрэгцээнд газар үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг тав, таван жилээр сунгасан байна. Ирэх сарын 1-нд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх хуулийн хугацаа дуусах сургаар дүүргүүдийн газрын албад иргэдийн очер дараалалд ачаалалттай ажиллаж байжээ.

Газар өмчлөх хуулийн хугацаа 90 хоног. Газар эзэмших гэрчилгээтэй иргэд гэрчилгээг холбогдох бичиг баримтын хамт тухайн дүүргийн газрын албанд өгч нийслэлийн засаг даргын захирамжаар газар өмчлөлийн шийдвэр гарч үл хөдлөх хөрөнгийн өмчийн гэрчилгээ иргэнд олгогддог. Харин жалга, үерийн далан, өндөр хүчдэл, усан сангийн ойролцоо газрыг иргэнд өмчлүүлэх боломжгүй байдаг байна.

Б.Одонгарав