29, 116-р сургуулийн сурагчид өдөр бүр аюултай орчинд зорчиж байна

Байгуулагдаад 50 гаруй жил болж байгаа ч 29-р сургуулийн сурагчид сургуулийн урд талын дөрвөн замын уулзварын ганц гарцаар хичээлдээ ирж очдог. Харин тус сургуулийн баруун талд байсан хуучин гарц элэгдэж алга болсон ч үүнийг ахиж сэргээхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Зөвхөн 29-р сургуулиас гадна 116-р сургуулийн хүүхдүүд гарцгүй зам болон зуун айлын барилгын материалын худалдааны төвөөр зорчихоос өөр аргагүй болжээ. Тэгвэл албаныхан зуун айл худалдааны төвийн зарим барилгын жижиг үйлдвэрүүдийг нүүлгэхээр болсон байна. 29-р тусгай сургуульд 200 гаруй хүүхэд суралцдаг. 116-р сургуульд мөн тооны хүүхдүүд суралцаж дотуур байранд 100 гаруй хүүхэд амьдардаг. Гэвч тус сургуулийн хамгийн ойр гарц нь зориулалтын явган хүний замгүй, гэрэл дохиогүй. ихэнхдээ жолооч нар сурагчдад зам тавьж өгдөггүй. Мөн хэдэн жилийн өмнө 29-р сугуулийн сурагч автомашинд шүргүүлж улмаар жолооч зугтсан түүх ч бий. Үндсэндээ энд хамгийн ихээр зөрчигдөж байгаа эрх бол тусгай сургуулийн сурагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх юм.

Б.Одонгарав