29-р сургуульд 54 жилийн турш энгийн сургуулиудтай адил хонх ашиглагдаж байна

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль 1964 онд байгуулагдсан байдаг. Тэгвэл тус сургуулийн зарим сурагчдын дунд өдөр бүр хичээлдээ хоцорч цагтаа хичээллэж чаддаггүй тохиолдол байнга гардаг. Учир нь тус сургуульд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бус энгийн сургуулиудтай адил дуут хонх 54 жилийн турш ашиглагдаж иржээ. Харин сурагчдын хувьд сургуульдаа гэрэлт хонхтой болох судалгаа хийн санал дэвшүүлж төрийн байгууллагуудад хандсан байна.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуульд гэрэлт хонх ердөө ганцхан байдаг. Сургуулийн нэг давхарт дуут хоёр хонхыг сонсголгүй багш нар өөрсдөө санаачлан туршилтын журмаар суурилуулжээ. Харин үлдсэн зургаан хонх энгийн сургуультай адил хонх юм. Гэвч сонсголгүй хүүхдүүдийн хувьд завсарлагааны хонхыг багшийн дохионы хэлээр дохиход дугарсан эсхийг мэддэг. Мөн хичээлийн цаг эхэлснийг ч бас заавал багшийн дохион зангаагаар ойлгодог гэсэн үг. Тэр ч бүү хэл зарим бага ангийн сурагчид хичээлийн завсарлах хонхны талаар ямар ч ойлголт байдаггүй. Энэ нь цаашлаад хүүхдийн бие даах чадварт хүртэл нөлөөлдөг байна. Энгийн сургуультай адил дуут хонхыг бүтэн 54 жилийн турш ашиглаж байгааг салбарыхан мэддэггүй. Цаашлаад онцгой байдал тулгарлаа гэхэд зөвхөн багш нар сурагчиддаа дохионы хэлээр ойлгуулна гэсэн үг.

Сурагчдын судалснаар тус сургуульд нийт 180 гэрэлт хонх 60 лед гэрэл хэрэгтэй гэлээ. 9-р сараас эхлэн сурагч багш нар гэрэлт хонхны талаарх судалгааг хийж Боловсролын яам, Онцгой байдлын газартай ч бас биечлэн уулзсан байна. Гэрэлт хонхтой болсоноор зөвхөн 29-р сургуулиас гадна бусад сургуулиадад ч бас жишиг болно. Харин 29-р сургуулийн сурагчдын хувьд хамгийн эхний шийдвэрлэх ёстой энэхүү асуудлаа шийдэж чадвал сурагчдын бие даах чадварт ч бас чухал нөлөөтэй юм байна.

Б.Одонгарав