Уурхайд ажиллаж байгаа иргэдийн төлөө анхаарч байгаа газар Мэргэжлийн хяналт, Уул уурхайн аврах ангиас өөр байхгүй байна.

1915 оноос Богд хааны засгийн үед налайхын нүүрсний уурхайг ашиглалтанд оруулж эхний жилдээ 4000 тонн нүүрс гаргаж байжээ. харин 1960-1980 онд Налайхын нүүрсний уурхайн оргил үе байсан гэж хэлж болно. Гэвч 1994 онд нүүрсний нөөцөө бүрэн ашиглаагүй ч уурхайг хааж энэ цагаас эхлэн гар аргаар маш олон жижиг уурхайнууд ажиллаж эхэлжээ.

2017 оны 12-р сард налайхын 73 нүүрсний уурхайд 1173 хүн ажиллаж байсан. Одоо Налайх дүүрэгт тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгж байгаагаас өнөөдрийн байдлаар 6 аж ахуйн нэгж ажиллаж байна. Өвлийн улиралд нүүрсний уурхайн ид ажлын үе эхэлдэг. Энэ үеэр 150-170 ам ажилладаг. ихэвчлэн гар аргаар олборлогчид энд багтдаг юм. 1992-2017 онд налайхын нүүрсний ордын далд малталгын амуудад аваарь ослын улмаас 735 хүн осолд орж, 234 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Одоогоор уурхайн эдэлбэр газраас 173 метр квадрат газар эвдэрсэн гэж хохирлын үнэлгээ гарсан бол 4000 орчим метр квадрат газар нутгийг нүүрсний уурхайн эдэлбэрт газраар ашиглаж байна. Бид нүүрс олборлолтын жижиг уурхайд очиж сурвалжлага бэлдсэн юм. Энэ нь зөвшөөрөлтэй ажиллаж байгаа цөөн уурхайн нэг. Уг нь жил бүрийн 3-р сарын 1-нд нүүрсний уурхайг дүүргийн засаг захиргааны захирамжийн дагуу хаадаг байна. Учир нь хөрсний нуралт үүсэх аюултай тул ихэнх уурхай ам хаагдаж цөөн хэдэн уурхай 5-р сар хүртэл ажилладаг. Энэ уурхайд ажиллаж байгаа хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаанд өдөр бүр орж гарын үсэг зурсны дараа ажилдаа ордог. Нүүрсний уурхайн гол хэрэгсэл нь ковш. Уурхай луу орохдоо ковшонд 2-3 хүн сууж 50-60 хэмийн налуу хонгилоор дамжин 90 орчим метр урттай үндсэн олборлох цэгт очдог байна. Газар дорх хонгилыг дунджаар 50 см тутамд дам нуруу холбоосоор бэхэлж дотроо хонгилыг тэр чигт нь цахилгаанд холбосон байдаг. Энэ өдөр уурхайн олборлолтын хэсэгт 20-55 насны 10 хүн ажиллаж байсан юм. Эдгээр ажилчид 2-20 жилийн хугацаанд нүүрсний уурхайд ажилласан туршлагтай. Ихэвчлэн өрх гэртээ хөдөлмөр эрхэлж яваа ганц тэжээгч нь гэдгээ хэлж байлаа. Өвөлдөө уурхайд өдрийн 40 000 төгрөгөөр цалинжин харин зундаа тоосгоны үйлдвэр, барилгын ажил хийдэг тухайгаа тэд хэллээ.

Налайх дүүргийн уул уурхайн аврах ангийн хувьд эдгээр уурхайнуудад тогтмол үзлэг хийн шаардлага тавьж ажилладаг. Сүүлийн 5 жилд гэхэд аваарь ослын голомтоос 137 хүний амь аварч байжээ. өнгөрсөн 1-р сард гэхэд уурхайн нүхэнд унасан нэг хүнийг аварсан байна.

Налайх дүүргийн хувьд 36 мянга гаруй хүн амтай. Үүнээс 11 мянга гаруй нь жилдээ нүүрсний уурхайд амь насанд эрсдэлтэй хүнд нөхцөлд ажилладаг. Амьдрахын төлөө хөдөлмөрийн хүнд нөхцөлд, амь насаа эрдсэлд оруулан мянга мянган эрс нүүрсний уурхайд ажиллаж байна. Харин эдгээр иргэдийн төлөө анхаарал тавьж хянаж шалгаж байгаа газар мэргэжлийн хяналт, уул уурхайн аврах ангиас өөр байхгүй байна.

Б.Одонгарав