Пирамидын сүлжээний хохирогч өөрөө гэмт хэрэгтэн болох эхлэл тавигдсан байдаг

Ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олмоор байна уу, өндөр цалинтай ажил байна гэх зарлал олон нийтийн сүлжээнд байршуулсан байдаг. Гэхдээ үүний цаана залилан мэхлэх гэмт хэрэг өрнөж байдаг. Учир нь сүүлийн жилүүдэд бүртгэгдэж байгаа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн дийлэнх хувь нь олон нийтийн сүлжээгээр болон олон шатлалт маркетинг болон пирамидын сүлжээ хэлбэрээр үйлдэгдсэн байна. Мөн арилжааны банкуудын вестерн юнионы гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч хэд хэдэн иргэдийг хохироосныг цагдаагийн байгууллага шалгаж байна. 2016 оны байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг 2165 бүртгэгдсэн. Харин 2017 онд энэ тоо 2996 болтлоо өсч, дийлэнх нь нийслэл хотод үйлдэгджээ. Тухайлбал сүүлийн гурван жилийн байдлаар 35000 хүн энэ гэмт хэргийн хохирогч болж, 56.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хэрвээ бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдвэл 5-12 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Үүнээс гадна олон шатлалт маркетингийн арга, пирамидын сүлжээ хэлбэрээр залилангийн гэмт хэргийн хохирогч болсон хүн гэмт хэрэгтэн болдог байна. Учир нь өөрөө ашиг олохын тулд өөр бусдыг татан оролцуулж, цаашлаад бусдыг хуурах мэхлэх үйлдэл хийж эхэлдэг. Тиймээс бизнес, луйвар хоёр ялгаатай бөгөөд богино хугацаанд, амархан аргаар их мөнгө олно гэвэл луйвар гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа юм. Хэрвээ та олон шатлалт маркетинг, санхүүгийн пирамидын нууц хэлбэрээр явагдаж байгаа луйврыг мэддэг болон хуулийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Мөн санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэнээр зөрчлийг таслах зогсоох боломжтой. Хэрэв гэмт этгээдүүдийг баривчилбал иргэдийн хохирлыг хэрэгтний нуугдмал эд хөрөнгө байгаа эсэхийг шалгаж тогтоогоод хохирогчдод оногдуулдаг аж.

 

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn