Иргэд анхан шатны тусламж үзүүлэхээс илүүтэй “түргэн” ирэхийг хүлээдэг

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд ачаалалгүй үед цаг тутам 1-2 дуудлага ирдэг байна. Ихэнх дуудлагыг энгийн буюу өвчин намдаах эм уух шаардлагатай өндөр халуурсан зэрэг дуудлага эзэлж байгаа нь яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа өвчтөнд хүрч ажиллахад хүндрэл учруулж, яаралтай түргэн тусламжийн ачааллыг нэмж байгааг нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн ажилтнууд онцолж байна. Монгол телевизийн сурвалжлах баг нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч ажилтнуудтай дуудлаганд гарч түргэн тусламжийн үйлчилгээний бодит байдалтай танилцлаа. Энэ үеэр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зодуулсан, архидан согтуурч биедээ гэмтэл учруулсан зэрэг дуудлага ирсэн. Мөн хулгайн гэмт хэрэг үйлдэж байхдаа цонхны шилэнд гарын судсаа ханаж гэмтээсэн иргэнд яаралтай түргэн тусламжийн дуудлагыг цагдаагийн байгууллагаас ирүүлж эмч эмнэлгийн тусламж үзүүлсэн юм. Мөн нөхрийнхөө хамт архидан согтуурч улмаар нөхөртөө зодуулж биедээ бэртэл авсан эмэгтэйд яаралтай тусламж хэрэгтэй байгаа талаар дунд ангийн охин нь дуудлага өгсөн байлаа. Энэ мэт олон дуудлага өдөрт хэдэн арваараа ирдэг тухай яаралтай түргэн тусламжийн төвийн эмч, жолооч нар хэлж байгаа юм. Иргэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэггүйгээс тусламж хэрэгтэй хүнд туслахаас илүү утсаараа зураг авч, бичлэг хийж түргэн тусламжийг хүлээхээс өөр зүйл хийдэггүйд яаралтай түргэн тусламжийн ажилтнууд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн иргэд халуурсан, өвчин намдаах эм уух шаардлагатай хөнгөн зэргийн өвчний үед яаралтай дуудлага өгдөг нь амь эрсэн, жинхэнэ эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа хүнд хүрч үйлчлэхэд хүндрэл болж байгааг хэлж байлаа. Мөн иргэдийн ухамсар дээшилсэн ч ачаалалтай үед зам тавьж өгье ч гэсэн замын түгжрэлээс шалтгаалж боломж бүрддэггүйг ч хэлж байлаа. Харамсалтай нь биднийг сурвалжлага хийсэн өдрийн 15 цаг орчимд нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрстсэн нэг дуудлага ирсэн юм.

Б.Хулан