Дуут дохиог олон давтамжтай дарах нь тархи мэдрэлд нөлөөлж, стресс үүсгэнэ

Дуут дохио буюу автомашины сигналыг зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэх журамтай. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрмээр зөрчлийн хуулиар торгох хуулийн заалт байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусадтай үл ойлголцох, гэрлэн дохиотой уулзвар нэвтрэхдээ яарч, бухимдахдаа дуут дохиог хэрэглэж байгаагаас жолоочдын замын хөдөлгөөний соёлыг харж болох юм. Дуу шуугианы хэмжээ 60-80 дБ байвал харьцангуй тааламжгүй орчин гэж үздэг. Тэгвэл автомашины дуут дохиог нэг удаа дарахад 10 метр радиуст 90-100 дБ дуу чимээ гардаг байна. Энэ чимээ удаан үргэлжилбэл стресс үүсэх, цаашлаад тархи мэдрэлийн систем, сэтгэцэд нөлөө үзүүлдэг байна. Мөн автомашины дуут дохио үйлдвэрлэсэн он, хөдөлгүүрийн төрлөөс хамаарч 74-86 дБ байдаг бол жолооч нар стандартын бус дБ өндөр, хийн дуут дохиог хууль зөрчин хэрэглэх явдал их байна. Хийн дуут дохионоос гарах чимээ хүний ярихаас 10 дахин их буюу 150-200 дБ байдаг байна. Дуут дохиог хэрэглэх журам зөрчсөн бол зөрчлийн хуулиар 20 нэгж буюу хорин мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байдаг ч жолоочид дээрх журмыг зөрчиж олон нийт, иргэдийн тав тухыг алдагдуулах явдал цөөнгүй гарч байна.

Б.Хулан