Төвийн зургаан дүүрэгт 16 ширхэг нийтийн бие засах газар ажиллаж байна

НИЙСЛЭЛИЙН ХҮН АМД 100-150 НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР ШААРДЛАГАТАЙ

Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан үйлчлүүлэх боломжтой 20 нийтийн ариун цэврийн газар байдаг. Уг нь стандартын дагуу баригдсан гэх “City toilet” буюу нийтийн ариун цэврийн газар нь иргэд бие засахаас гадна хүүхдийнхээ живхийг солих орчныг бүрдүүлсэн байх ёстой. Гэвч эдгээр нийтийн бие засах газруудын чанар муу, цахилгаан дулаан, цэвэр бохирыг шийдвэрлэх хэд хэдэн асуудалтай байгаа учраас зохион байгуулалтын ажил хийхээр болжээ. Уг нь нийслэлийн хүн амд 100-150 нийтийн бие засах газар шаардлагатай байгаа ч одоогийн байдлаар стандартын шаардлага хангасан 20 нийтийн бие засах газраас 16 нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бие засах газрын ихэнх нь төвийн дулаанд холбогдоогүй учраас өвөл хүйтэн тав тухгүй, мөн цахилгаанаар халаалтыг шийддэг байсан учраас зардал өндөр гардаг байжээ. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ирэх тавдугаар сараас дэд бүтцэд холбох засварын ажлыг эхлүүлэхээр болжээ. Дулааны улиралд манай улсыг зорин ирэх жуулчид улс орны өнгө төрхийг нийслэлээс, ялангуяа нийслэл хотын үйлчилгээ, иргэдийн соёлоор дүгнэнэ. Харин манай улс гадны жуулчдад гэлтгүй иргэддээ хүрэлцэхүйц бие засах газрыг одоог хүртэл шийдвэрлэж чадаагүйг гудамж талбайд ил задгай бие засч байгаа энгийн жишээнээс харж болох юм.

Б.Хулан