Ёс зүйгүй хүүхдийн эрхийг зөрчиж байгаа багш ажилтнуудад хариуцлага тооцно

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 34 хувийг 18 нас хүртэлх хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн эрхийн тухай холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд салбар дундын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэдгийг нийслэлийн засаг дарга онцолсонтой холбогдуулан нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан болж хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хүүхдийн эрхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдүүд хараа хяналтгүйгээр цахим тоглоомын газар буюу пс тоглоомын газар олон цагаар тоглож донтох, улмаар гэмт хэрэгт холбогдож байгааг нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн төлөөллүүд болон цагдаагийн байгууллагаас онцолж байлаа. Нийслэлийн хэмжээнд боловсролын салбар дахь хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Тиймээс ЕБС-ийн багш, ялангуяа сургуулийн нийгмийн ажилтныг чадавхжуулах шаардлагатай байгааг дурдсан юм. Харин Нийслэлийн боловсролын газраас хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь баримтаар нотлогдсон тохиолдолд багш ажилтнуудад ёс зүйн хариуцлага хүлээлгэн ажиллаж байгааг онцолсон юм. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр нийслэлийн 152 хороонд хамтарсан баг ажиллаж эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийг илрүүлэх ажиллагаа үр дүнтэй байгааг онцолж байлаа. Энэ ч учраас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдгийг хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд онцоллоо.

Б.Хулан