Улаанбаатарын шуугианы дундаж түвшин 71-80 дБа байна

Нийслэлийн хүн ам, бүтээн байгуулалт, автомашины тоо өсөхтэй зэрэгцэн орчны дуу чимээний бохирдол нэмэгдэж, орчны эрүүл ахуйгаас шалтгаалах өвчлөлийг бий болгож байгааг судлаачид хэлж байна. Ялангуяа хүн ам, автомашины төвлөрөл ихтэй нийслэл хотын төв, барилгажилттай ойр зам талбайд дуу чимээний бохирдол өдрийн цагаар 70 децибелль байгаа нь стандарт хэмжээнээс 10 нэгжээр их байгаа юм.

Энэ Улаанбаатар хотын төв замуудын дагуу дуу шуугианы харьцангуй тааламжгүй орчин бий болсныг Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын тайлан судалгаанд дурджээ. Дэлхийн олонх хотод дуу чимээний бохирдол нэмэгдэж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас урьдчилан сэргийлэх, сааруулахад анхаарч, дуу шуугианы зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоон мөрдөж байна. Хотын дуу шуугианы стандартад зааснаар өдрийн цагт дуу чимээ дунджаар 60 децибелль байх стандарттай бол, шөнийн цагт дунджаар 45 децибеллээс хэтрэхгүй байх ёстой байдаг. Иймд хотын дуу шуугианы бохирдолд нарийвчилсан судалгаа хийж дуу шуугианы зөвшөөрөгдөх хэмжээг хот төлөвлөлтийн стандартад тусгах шаардлагатай байгааг судлаачид онцолж байна.

Б.Хулан