Талбайн теннис, хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккей зэрэг спортын цаг үеийн мэдээллүүд

ЕЛИНА СВИТОЛИНА ШТУТТГАРТЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРЛАА

ХБНГУ-ын Штуттгарт хотноо болж байгаа эмэгтэй теннисчдийн тэмцээнд дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байгаа Украины теннисчин Елина Свитолина шилдэг наймд шалгарлаа. Тэрээр Чехийн теннисчин Маркета Вондроушоватай тоглож өрсөлдөгч нь бэртлийн улмаас тоглолтыг орхижээ. Өнгөрсөн сард дэлхийн чансааны 50-д эрэмблэгдэж байсан 18 настай Чех теннисчин энэ тоглолтонд эхлээд 6:2-оор хожсон юм. Харин түүнээс тав эгч Свитолина хоёр дахь сетд 6:1-ээр тэнцүүлж, шийдвэрлэх сет 3:2-ийн харьцаатай үргэлжилж байхад Чехийн теннисчин баруун гуяны зовиурын улмаас тоглолтыг орхижээ. Ингээд Елена Свитолина дараагийн шатанд Францын теннисчин Каролин Гарсиатай хагас шигшээн төлөө тоглоно.

РАФАЭЛ НАДАЛ ШОРООН ТАЛБАЙД СҮҮЛИЙН 33 ТОГЛОЛТ ДАРААЛАН ХОЖЛОО

Испанийн Барселона хотноо болж байгаа тэмцээнд хэдхэн хоногийн “Монте Карло Мастерс”-ын аварга болсон дэлхийн чансааг тэргүүлэгч, өнгөрсөн жилийн аваргын цомыг хамгаалагч Рафаэл Надал нутгийнхаа тэмцээний шилдэг наймд шалгарчээ. Тэрээр нутаг нэгтэн Гуйльермо Гарсиа-Лопезтой тоглож цаг 28 минутанд буулган авсан байна. Тоглолт 6:1, 6:3-аар дууссан юм. Монте Карло Мастерсын аваргаар 11 дэх удаагаа тодорсон тэрээр энэхүү Барселона Опен тэмцээнд мөн 11 дэх удаагаа түрүүлэхээр зорьж байгаа юм. Надал шороон талбайд сүүлийн 34 тоглолтын 33-т нь хожлоо. Одоо түүнийг дараагийн шатанд Словакийн теннисчин Мартин Клизан хүлээж байна. Мартин Клизан хоёр дахь шатанд Новак Жоковичийг хожсон. Одоо чансааны 140-д эрэмбэлэгдэж байгаа тэрбээр өмнө нь 2014 онд Бээжингийн тэмцээний үеэр Надалыг хожиж байлаа.

ЕВРОЛИГИЙН АВАРГУУД 3:1-ЭЭР ЯЛЖ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРАВ

Сагсан бөмбөгийн Евролигийн өнгөрсөн улирлын аварга Туркийн Фенербахче хагас шигшээд шалгарлаа. Тэд плэй оффын цувралд Испанийн Басконияг 3:1-ийн харьцаатай ялсан юм. Цувралын дөрөв дэх тоглолт Испанид болсон. Фенербахче цувралыг өмнөх тоглолтонд хожигдсоноор Испанийн баг энэ өдөр талбайдаа дахин хожиж чадвал цувралын шийдвэрлэх тав дахь тоглолт гарах байлаа. Гэвч энэ өдөр Туркийн баг тоглолтын эхнээс илүүрхсээр Марко Гудурич 22, Николо Мелли 21 оноо багтаа авчирч 92:83-ийн харьцаатай хожсоноор цувралд цэг тавьлаа. Фенербахче дөрөв дэх улиралдаа дараалан Евролигийн шилдэг хагас шигшээд шалгарч байна. Одоо тэд Литвийн Залгирис багтай финалд шалгарахын төлөө тоглоно. Фенербахче өнгөрсөн улирал хагас шигшээд Реал Мадрид, финалд Олимпиакосыг хожин түрүүлж байлаа.

“КРУЗЕЙРО” КОПА ЛИБЕРТАДОРЕСТ 7:0-ЭЭР ХОЖЛОО

Өмнөд Америкийн хөл бөмбөгийн клубуудын аваргуудын лиг гэгддэг Копа Либертадорес тэмцээний хэсгийн дөрөв дэх тоглолтууд явагдаж байна. Бразилын Крузейро, Чилийн Универсидад Чили багууд дахин тоглосон юм. Хоёр баг долоо хоногийн өмнө тоглоход гоолгүй тэнцэж байсан. Тэгвэл энэ өдөр 7:0-ийн харьцаатай Бразилын баг талбайдаа бут ниргэжээ. Эхний хагас 3:0-ээр дууссан. Ингэснээр хоёр баг ижил таван оноотой болж байна. Тэдний хэсгийг Аргентинийн Рэйсинг клуб хожигдолгүй найман оноотой тэргүүлж байна. Одоо Чилийн баг дараагийн тоглолтоо хэсгийн тэргүүлэгчдийн эсрэг хийх юм.

СТЕФЕН КАРРИ ХАГАС ШИГШЭЭ ЦУВРАЛААС ТОГЛОЖ ЭХЭЛНЭ

Эн Би Эй-ийн хоёр удаагийн улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч “Голден Стэйт Уарриорс”-ын пойнт гаард Стефен Карри контакттай бэлтгэж хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр Өрнөд конференцийн хагас шигшээд “Нью Орлеанс”-ын эсрэг эхний тоглолтонд оролцох боломжтой болжээ. Өнгөрсөн улирлын аваргууд плэй оффын эхний шатанд “Сан Анотонио Сперс”-ийг 4:1-ийн харьцаатай буулган авч конференцийнхээ хагас шигшээд шалгараад байгаа билээ. Бэлтгэлийн үеэр тэрээр баруун хөлийнхээ өвдөгөнд хамгаалах боолт зүүсэн байлаа. Тэрбээр өвдөгний бэртлийн улмаас өнгөрсөн сарын 23-наас хойш тоглолтонд оролцоогүй. Түүнээс өмнө баруун шагайны бэртлийн улмаас зургаан тоглолт өнжөөд байсан билээ.

“ПИТТСБУРГ ПИНГВИНС” ДОРНОДЫН ХАГАС ШИГШЭЭГ ЦУВРАЛЫГ ХОЖЛООР ЭХЛҮҮЛЛЭЭ

Эн Эйч Эл-ийн өнгөрсөн улирлын аваргын цомыг хамгаалагч “Питтсбург Пингвинс” дорнод конференцийн хагас шигшээд “Вашингтон Капиталс”-ын эсрэг цувралын эхний тоглолтоо хийж 3:2-ийн харьцаатай хожсон байна. Гэхдээ тоглолтын эхний үед Евгений Кузнецовын шайбаар талбайн эзэн “Капиталс” тэргүүлж байлаа. Хоёрдугаар үед гоол ороогүй. Гол өрсөлдөөн шийдвэрлэх сүүлийн 20 минутанд өрнөсөн байна. Гуравдугаар үе дөнгөж эхлээд Александр Овечкин онооны харьцааг 2:0 болгоод байлаа. Хоёр багийн аль аль нь өмнөх шатанд 4:2-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан. Тэгвэл энэ өдөр Патрик Хорнквист багийнхаа эхний шайбыг оруулж тоог ойртуулсан бол Сидни Кросби онооны харьцааг тэнцүүлсэн байна. Вашингтон Капиталсын хаалгач Бранден Холтбигийн хаалганд 25 цохилт ирсэн бол Питтсбург Пингвинсийн хаалгач Мэтт Муррэй 34 цохилтоос 32-ыг хааж чадсан байна. Ийнхүү сүүлийн хоёр улирал дараалан Стэнлийн цомын эзэн болсон Питтсбургийнхэн конференцийнхээ хагас шигшээ цувралыг хожлоор эхлүүллээ. Хоёр дахь тоглолт дахиад Нэгдсэн улсын нийслэлд болно.

АХБХ-НЫ 16 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫ АШТ-ИЙ СУГАЛАА БОЛЛОО

Монголын хөл бөмбөгчид урьдчилсан шатанд нь өрсөлдөж байсан АХБХ-ны 16 хүртэлх насны хөл бөмбөгчдийн аварга шалгаруулах үндсэн тэмцээний хэсгийн шатны сугалаа болжээ. 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тэмцээн Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо болно. Зохион байгуулагч Малайзын баг Япон, Тайланд, Тажикстаны багуудтай нэг хэсэгт багтсан байна. Монголын 16 настнууд энэ тэмцээний сонгон шалгаруулалтанд Австрали, Вьетнам, Камбожийн багуудтай таарч Улаанбаатар хотноо тоглож байлаа. Энэ тэмцээнд Умард болон Өмнөд Солонгос, Япон, БНХАУ зэрэг зургаан орны баг тус бүр хоёр удаа түрүүлсэн үзүүлэлтээр тэргүүлдэг. Гэхдээ Хойд Солонгосын баг дөрвөн удаа шөвгөрснөөрөө онцлог. Гэхдээ хамгийн сүүлд Иракийн хөвгүүд анх удаа шөвгөрч түрүүлсэн. Тэд энэ жил Өмнөд Солонгос, Австрали, Афрганистаны багуудтай таарчээ. Тэмцээн ирэх есдүгээр сард эхэлнэ. Тэмцээний шилдэг дөрвөн баг ирэх жил 17 хүртэлх насныхны ДАШТ-д оролцоно.

ТЭРБУМТАН ШАХИД ХАН УЭМБЛИ ЦЭНГЭЛДЭХИЙГ ХУДАЛДАН АВАХЫГ ХҮСЧ БАЙНА

Пакистан тэрбумтан, бизнесмэн, Английн хөл бөмбөгийн Фулхэм клуб болон Америк хөл бөмбөгийн Жэксонвиль Ягуарс багийн эзэн Шахид Хан Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэн худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Уэмбли бол Английн хөл бөмбөгийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн юм. Анх 1923 онд үүдээ нээж одоогоос 11 жилийн өмнө шинэчлэн засварлагдсан юм. Өдгөө 67 настай тэрбээр 16 насандаа АНУ-д очиж, одоо тус улсын иргэншилтэй. Вэбсайтуудад бичиж байгаагаар Шахид Хан цэнгэлдэхийн төлөө 800 сая доллар санал болгосон бол Английн ХБХ цэнгэлдэхээ 900 сая фунт стерлингээр үнэлжээ.

АЛДАРТ МАРАДОНА ХӨЛГҮЙ ХҮҮГИЙН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЖЭЭ

Аргентинийн домогт хөл бөмбөгчин Диего Марадона Казакстаны хөгжлийн бэрхшээлтэй хүү Али Турганбековын мөрөөдлийг биелүүлжээ. Али өдгөө есөн настай. Төрөлхийн хоёр хөлгүй ч хөл бөмбөгийн спортод үнэхээр дуртай нэгэн юм байна. Тэрээр Марадонатай уулзахаар нутгаасаа АНЭУ-д очсон байна. Түүний гэр бүл одоо түүнд бичил процесор бүхий компьютер удирдлагатай хиймэл хөлтэй болгохоор хандив цуглуулж байгаа юм байна.

ХӨЛ БӨМБӨГ СОНИРХОГЧ АЛИ ТУРГАНБЕКОВ :

“Би Марадонатай уулзах мөчийг их удаан мөрөөдсөн. Тэр миний бол миний хамгийн дуртай хөл бөмбөгчин. Тэр их сайн хөл бөмбөгчин. Түүнийг хараад л мөрөөдөл минь биелж байна гэж дотроо бодсон. Тэр маш сайн тоглодог.”

АЛИГИЙН ААВ АЗАМАТ ТУРГАНБЕКОВ:

“Али хоёр мөрөөдөлтэй байсан. Эхнээсээ биелж байна. Эхнийх нь хиймэл хөлтэй болох юм. Харин хоёр дахь Марадонатай уулзах байлаа. Би яагаад Марадона гэж асуусан л даа. Гэтэл Марадона бол дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хөл бөмбөгчин. Хамгийн агуу нь гэж хэлсэн. Тэгээд “Хэрвээ Марадона надтай уулзвал Месси, Нэймар, Роналдиньо гээд бусад хөл бөмбөгчид надтай уулзахыг зөвшөөрнө” гэж хэлсэн юм”