100 айлд 320 цэгт зөвшөөрөлгүйгээр барилгын материалын худалдаа явуулж байна

-Барилгын материалын үйлдвэрлэл суурьшлын бүсээс 50 метрээс багагүй зайд байрлах ёстой-

Сүхбаатар дүүргийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэр буюу бидний хэлж заншсанаар 100 айл орчимд байрлах барилгын материалын зах, худалдааны төвүүдийг зохион байгуулалтад оруулж, барилгын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон.

100 айл орчимд автозамын түгжрэл, хөрс болон дуу чимээний бохирдлыг үүсгэгч гол хүчин зүйл бол барилгын материалын үйлдвэрүүд, нийтийн эзэмшлийн талбайн 320 цэгт зөвшөөрөлгүй худалдаа явуулж байна. Мөн 100 айл орчимд хөрсний бохирдол дунд, их зэргийн ангилалд багтаж байгааг хэмжилтээр баталгаажуулжээ.

Мөн 100 айлын барилгын материалын захтай хаяа залган өрх, дүүргийн эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Грентологийн төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29,116-р тусгай дунд сургууль, 186-р цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах наад захын стандартыг хангахгүй байна.

Тиймээс 100 айлд тулгамдсан дээрх асуудлуудыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийг хохироохгүйгээр шийдвэрлэж, зохион байгуулалтад оруулах ажлыг нийслэлээс 2020 он хүртэл хийхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох нүүлгэн шилжүүлэх, ил задгай худалдааг зогсоох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ.

Б.Хулан