“Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд 315 мянган га хүртэлх ойг цэвэрлэнэ

-Ойг цэвэрлэсний дараа 294 мянган га-гаас багагүй талбайд ойжуулалт хийгдэнэ-

Ойн сангийн 76 хувийг болц гүйцэж хөгширсөн ой модны түймэр, хөнөөлт шавж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн ой эзэлж байна. Тиймээс 2014 онд ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг баталж хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хоёрдугаар үе 2020 онд дуусах юм байна. Мөн цэвдэгт хөрс багасч байгаагаас хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд ихэсч энэ нь ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлөх нэг хүчин зүйл болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар 100 мянган га талбайд тохиолдох ойн түймрийн давтамж 1.4-7.3 байгаа нь шатамхайн дундаас их зэрэглэлд шилжсэн нь 1 га дахь унанги модны нөөц буюу шатах материалын нөөц 2-3 дахин нэмэгдсэнтэй шууд холбоотой. Тиймээс ойд цэвэрлэгээ хийснээр түймрийн аюулыг бууруулж, тухайн ойд түймэр гарах магадлалыг багасгана гэж үзжээ.

Мөн ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд нийт 315.0 мянган га хүртэлх ойн талбай цэвэрлэгдэж, ойн төлөв байдал сайжирна гэж үзэж байна.

Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд ойжуулах, ойг нөхөн сэргээх ажлын нөхцөл бүрдэж, 294.0 мянган га-гаас багагүй талбайд ойжуулалт хийж гүйцэтгэхээр болжээ. Өнгөрсөн жил ойн цэвэрлэгээгээр 686,1 мянган шоо метр мод бэлтгэсэн байна. Улсын хэмжээнд ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх чиглэлээр 403, үйлдвэрлэлийн ашиглалт явуулах чиглэлээр 54, нийт ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий 450 гаруй аж ахуй нэгж байгууллага ойн ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Б.Хулан