Дундаж монгол хүн 2400 килокалори илчлэгийг хоол хүнснээсээ авах ёстой

-Хоногт 90 грамм уураг, 67 грамм тос , 360 грамм нүүрс ус , 30 грамм эслэг агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй-

Өнгөрсөн онд эрүүл мэндийн сайдын тушаалаар монгол хүний хоногт хоол хүнсээр авбал зохих илчлэгийн зөвлөмж хэмжээг баталсан байдаг. Тэгвэл хоол судлаач монгол хүн хоногт хоол хүнсэндээ мах, сүү цагаан идээ, гурил гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэх таван төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байгаа юм.

Хоол хүнсээр авбал зохих илчлэгийн зөвлөмжид монгол хүн хоногт 2400 килокалор илчлэг авах ёстой гэж заасан байдаг. Тодруулбал монгол хүн хоногт 90 грамм уураг, 67 грамм тос , 360 грамм нүүрс ус , 30 грамм эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой байна.

Монгол хүний хоногт хоол хүнсээр авбал зохих илчлэгийн зөвлөмжид нийт 16 төрлийн 1563 грамм хэмжээтэй хоол хүнсийг хэрэглэснээр 2400 килокалор илчлэгээ авч болохыг зөвлөсөн байна. Мөн тухайлсан нэр төрлийн бүтээгдэхүүнийг заавал хэрэглэхгүйгээр бусад бүтээгдэхүүнээр орлуулж хоногт авах илчлэгээ нөхөж болно. Тухайлбал: малын махыг үхрийн элэг, зүрх, борц, загас, өндөг, тахианы мах, ээзгий, бяслаг, буурцагаар оруулж болох бол, сүүг бяслаг, тараг, ээдэм, аарц зэрэг бүтээгдэхүүнээр орлуулан хэрэглэж болохыг монгол хүний хүнсээр авбал зохих илчлэгийн зөвлөмжид баталсан байна.

“Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ батлах тухай” хавсралтаас хоногт хоол хүнснээс авах амин дэмийн зөвлөмж хэмжээг үзнэ үү.

Б.Хулан