ПАУЭРЛИФТИНГИЙН ДАШТ-ИЙГ АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

Д.УУГАНБАЯР 105 КГ-Д 260 КГ-ААР ТЭРГҮҮЛЖ, Ц.БАЯРХҮҮ 120 КГ-Д 245 КГ-ААР ДЭД БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Пауэрлифтингийн тоноглолтой хэвтээ шахалтын ДАШТ эдгээр өдрүүдэд ӨАБНУ-д болж байна. Тэмцээнийг Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос найман тамирчин зорьсноос гурав нь өрсөлдөж хоёр нь медалийн тавцанд гарлаа. Тодруулбал тэмцээний М-1 буюу мастерс 1 ангиллын 105 кг-ийн жинд Монголын тамирчин Дамдингийн Ууганбаяр хоёр дахь оролдлогоороо 260 кг шахаж алтан медаль хүртжээ. Өдгөө 42 настай түүний биеийн жин тэмцээнд оролцох үеэр 103.9 кг байлаа. Д.Ууганбаяр эхлээд 255 кг-ийн амжилттай өргөсөн. Харин гурав дахь оролдлогоороо 270 кг захиалж бүтэлгүйтсэн ч өмнөх амжилт нь түүнийг алтан медалийн тавцанд гаргахад хангалттай байсан юм. Энэ жинд Монголын өөр нэг тамирчин Б.Үүрцайх 235 кг өргөх эхний хоёр оролдлого нь бүтэлгүйтэж, сүүлийн өргөлтөөрөө 255 кг захиалсан ч амжилттай өргөж чадсангүй тэмцээнээ өндөрлүүлжээ. Д.Ууганбаяраас 2.5 кг дутуу буюу 257.5 кг-аар Эстони, Чехийн тамирчин удаах байруудад шалгарч мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.

Тэгвэл мөн Мастерс-1 ангиллын 120 кг-ийн жинд Монголын тамирчин Цэрэндамбын Баярхүү өрсөлдөж сүүлийн оролдлогоороо 245 кг өргөснөөр дэд байр эзэлсэн байна. Ц.Баярхүү эхний өргөлтөөрөө 242.5 кг-д бүтэлгүйтсэн ч хоёр дахь өргөлтөөрөө дахин захиалж амжилттай өргөсөн. Улмаар гурав дахь оролдлогодоо 2.5 ахиулсан нь түүнийг мөнгөн медалийн эзэн болгожээ. Ц.Баярхүү өдгөө 47 настай, 119.3 кг жинтэй. 120 кг-ийн жинд Финляндын тамирчин эхний оролдлогоороо манай тамирчнаас 40 кг-аар илүү буюу 285 кг өргөж, 5, 10 кг-аар ахиулсан удаах өргөлтүүд нь бүтэлгүйтсэн ч эхний амжилт нь тэргүүн байх эзлэхэд хангалттай байлаа. Харин Францын тамирчин 242.5 кг буюу манай тамирчнаас 2.5 кг-аар бага үзүүлэлтээр хүрэл медаль хүртсэн юм байна.