УРЬД ШӨНИЙН ТОГЛОЛТЫН ДАРАА БА ӨНӨӨ ШӨНИЙН ТОГЛОЛТЫН ӨМНӨ

“ЛИВЕРПҮҮЛ” ТАЛБАЙДАА ХИЙСЭН ЭХНИЙ ТОГЛОЛТОНД 5:2-ООР ХОЖЛОО

Английн Ливерпүүл хотын Энфилд цэнгэлдэхэд болсон Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтонд “Ливерпүүл клуб” 5:2-ийн харьцаатай Италийн “Рома”-г буулгаж авлаа. 10 жилийн дараа дахин хагас шигшээд шалгарсан тэд 2007 оноос хойш анх удаа финалд шалгарахад ойрхон боллоо. “Ливерпүүл” хамгийн сүүлд 2005 онд Туркийн Истанбул хотноо гайхамшиг бүтээн түрүүлж, Европын аваргаар тав дахь удаагаа тодорч байсан билээ.

– “Ливерпүүл” клуб 5:0-ийн харьцаатай тэргүүлж байсан ч сүүлээр хоёр гоол алдсан

– Мохамед Салах хуучин багийнхаа хаалганд хоёр гоол орууллаа

– М.Салах хоёр ашигтай дамжуулалт өгч Садио Мане, Роберто Фирмино нар гоол оруулав

– Фирминогийн хоёр дахь гоолын дамжуулалтыг Жэймс Милнер өгч рекорд тогтоолоо

– Улаанууд зургаа дахь цомоо өргөхөөр зорьж байна

 “Ливерпүүл” тоглолтын эхний хагаст Мохамед Салахын хоёр гоолоор тэргүүлсэн бол завсарлагааны дараа Садио Мане, Роберто Фирмино нар дараалан гоол оруулж 68 дахь минут гэхэд 5:0-ээр тэргүүлж байлаа. Салах Английн “Челси”-гийн бүрэлдэхүүнд байхдаа 2015/16 оны улирал “Рома”-д зээлээр тоглож байгаад, Италийн багтай гэрээ байгуулж өнгөрсөн жил хүртэл тоглосон. Одоогоос 10 сарын өмнө “Ливерпүүл” түүнийг 42 сая евро буюу 50 сая евро хүртэл өсөх үнийн дүнгээр авч урт хугацааны гэрээ байгуулж байлаа. Фирминогийн эхний гоол Аваргуудын лигийн энэ улирлын бүх тоглолтонд орсон 381 дэх гоол байж, 2016/17 оны улирлын рекордыг эвджээ. Жэймс Милнер энэ улирал есөн гоолын дамжуулалт өгсөн төдийгүй, үүнд хамгийн бага хугацааг зарцуулсан дээд амжилтыг тогтоогоод байна. Бөмбөг эзэмшилт, оновчтой дамжуулалт, гоолын оролдлого зэргээр хоёр баг ерөнхийдөө эн тэнцүү байсан ч хаалгаа оносон цохилтын тоо “Ливерпүүл” таваар илүү байлаа.

“ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН ХАМГААЛАГЧ ТРЕНТ АЛЕКСАНДЕР – АРНОЛД: 

Өрсөлдөгчдөө хэзээ ч басамжилж болохгүй. Ялангуяа тэд талбайдаа юу хийж чаддагийг Барселонагийн эсрэг тоглолтонд харуулсан шүү дээ. Тэгэхээр бид хариу тоглолтонд үүнийг мартаж болохгүй. Гэхдээ бид дахиад ч гоол оруулна гэдэгтээ итгэлтэй байна.”

“ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН МЕНЕЖЕР ЮРГЕН КЛОПП:

Бидэнд “Рома”-тай хийх дахиад нэг тоглолт байна. Алдсан гоолууд асуудал биш ээ. Учир нь Рома хариу тоглолтонд бүхнээ дайчлах учраас бид 5:0-ээр хожсон ч сайн бэлдэх шаардлагатай. Хоёр гоол алдсан, алдаагүй нэг их ялгаагүй. Энэ тоглолтоос миний харсан гол зүйл бол хэдий хариу тоглолтонд нөхцөл байдал өөрчлөгдсөн ч бид дахин ялах боломжтой юм байна.

“ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН ХАМГААЛАГЧ ТРЕНТ АЛЕКСАНДЕР – АРНОЛД:

Мэдээж дасгалжуулагч маань хариу тоглолтонд бэлдсэн төлөвлөгөө бий. Харин бид түүний дагуу ажлаа дуусгана. Мэдээж амаргүй гэдгийг ойлгож байгаа л даа. Гэхдээ бидэнд үүнийг дуусгах авьяас, чадвар байна. ”

Мохамед Салах энэ улирал “Ливерпүүл”-ийн төлөө Премьер лигт 31, Аваргуудын лигт 11, нийт 47 тоглолтонд 43 гоол оруулаад байна.

“ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН МЕНЕЖЕР ЮРГЕН КЛОПП:

“Үнэндээ тэр багт их нөлөөтэй. Түүний хувьд энгийн нэг улирал биш шүү дээ. Түүнийг цаашдаа ч ийм байна гэж бид найдаж байна. Энэ бол багийн спорт. Гэхдээ хэн нэгэн шийдвэрлэх алхмыг хийх хэрэгтэй болдог. Харин тэр мэдээж тэрхүү шийдвэрлэх зүйлсийг сайн хийж байгаа. Бид түүнийг өнгөрсөн зун авсандаа маш их баяртай байна.”

“ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН ХАМГААЛАГЧ ТРЕНТ АЛЕКСАНДЕР – АРНОЛД:

Тэр итгэмээргүй. Тэр өөрийгөө хэн бэ гэдгээ харууллаа. Тэр бэлтгэлээ их шаргуу хийдэг. Энэ бол дэлхийн түвшний тоглолт. Багийн хувьд ч гэсэн.”

“ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН МЕНЕЖЕР ЮРГЕН КЛОПП:

Салах дэлхийн түвшний тоглолт үзүүлж байгаа нь их сайхан хэрэг. Дэлхийн шилдэг болохын тулд үүнийг урт хугацаанд үргэлжлүүлж шаардлагатай. Тэр бол гайхамшигтай тоглогч. Манайд тэр байгаад маш их баяртай байна.”

“ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН МЕНЕЖЕР ЮРГЕН КЛОПП:

Окслэйдийн бэртлийн тухай тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч эмч байсан шинжилгээ хийхээс өмнө таамаглаж хэлнэ гэдэг хэцүү шүү дээ. Улирал дуусах дөхөж байгаа энэ үед энэ бол сайн зүйл биш. Миний хувьд үүн дээр өөдрөг байгаа. Гэхдээ юу болохыг хэлж мэдэхгүй.”

“РОМА”-ГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ ЭУСЕБИО ДИ ФРАНЧЕСКО:

“Бид итгэл найдвараа алдаж болохгүй. Гэхдээ энэ бол ид шидийн тухай ярьж байгаа юм биш шүү. Бид Барселонагийн эсрэг хийсэн шиг тоглолт үзүүлэхийн төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Ливерпүүл өөр баг л даа. Гэхдээ дэмжигчид маань үргэлж бидэнтэй хамт байна.”

“РЕАЛ МАДРИД” “БАЙЕРН МЮНХЕН” БАГУУД 25 ДАХИА ТОГЛОНО

Цомыг хамгаалагч “Реал Мадрид” Германы Мюнхен хотын Аллианц Арена цэнгэлдэхэд Аваргуудын лигийн хагас шигшээн эхний тоглолтоо талбайн эзэн “Байерн Мюнхен”-ий эсрэг хийхээр бэлтгэж байна. Европын 12 удаагийн аваргууд Испанийн лигт заналт өрсөлдөгч, хүснэгтийн тэргүүлэгч Барселонагаас 15 оноо дутуу гуравт бичигдэж байгаа ч Европын түвшин дэх хамгийн том тэмцээнд гурван жил дараалан түрүүлэхээр зорьж байна.

– “Реал Мадрид”, “Байерн Мюнхен” багууд Европын тавцанд 25 дахиа тоглох гэж байгаа нь рекорд

– Зинедин Зиданы баг гурав дахиа дараалан түрүүлэхээр зорьж байна

– Хамгийн сүүлд 2016/17 оны улирал шөвгийн наймд “Реал” “Байерн”-ыг ялж байлаа

– Криштиану Роналду Аваргуудын лигт 11 тоглолт дараалан гоол оруулаад байна

– Юпп Хайнкес Аваргуудын лигт шөвгөрөхийн төлөөх тэмцэлд огт бүтэлгүйтэж байгаагүй

Хоёр баг 25 дахиа тоглох гэж байгаа нь Аваргуудын лигт хамгийн олон тохиолдол юм. Хоёр багийн аль аль нь 11 удаа хожиж, хоёр тэнцжээ. Өөрөөр хэлбэл хоёр багийн халз тоглолтын 12% нь тэнцээгээр дуусч байж. Гэхдээ сүүлийн тоглолтуудын үр дүнг харвал “Реал Мадрид” илүү байна. Хамгийн сүүлд өнгөрсөн улирлын шөвгийн наймд Реал Мадрид нийлбэр дүнгээр тэнцэн нэмэлт цагт хожиж байсан гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж байлаа. Роналду энэ улирал 15 гоол оруулчихаад байна. Тэрбээр өөрийнхөө эзэмшиж байгаа Аваргуудын лигийн нэг улирал 17 гоол оруулсан 2013/14 оны амжилтаа шинэчлэн тогтоох боломж дүүрэн байгаа.

“РЕАЛ МАДРИД”-ИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ЗИНЕДИН ЗИДАН:

“Баг маань бие бялдар, оюун санааны аль алиных нь хувьд бэлтгэл хангагдсан гэж үзэж байна. Мэдээж хүнд тоглолт болно. Хөл бөмбөгчин бүрт л ийм тоглолтонд оролцох хүсэл бий. Энэ бол зөвхөн эхний тоглолт шүү дээ. Бид дараа нь талбайдаа тоглоно. Аль болох сайн хөл бөмбөг үзүүлэхийг хичээнэ.”

Хоёр багийн сүүлийн таван тоглолтонд гэхэд Реал Мадрид 13 гоол оруулж, тавыг л алдсан илүү үзүүлэлттэй байна.

“РЕАЛ МАДРИД”-ИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ЗИНЕДИН ЗИДАН:

Бид өөрсдийгөө цом горилогч гэж бодохгүй байна. Бид одоо хагас шигшээд л өрсөлдөж байна шүү дээ. Энэ бол амаргүй даваа. Бас энэ удаагийн тоглолт өмнөх тоглолтуудтай адилгүй. Өнгөрсөн жилийнхээс ч өөр тоглолт болно шүү дээ. Мэдээж бид хагас шигшээд тоглож байна гэдэг сайхан хэрэг. Тиймээс сайхан үр дүнгийн төлөө чадах бүхнээ хийх болно. Мэдээж амаргүй. Гэхдээ энэ бол хөл бөмбөг.

“Байерн Мюнхен”-ий дасгалжуулагч Юпп Хайнкес хоёр багийн аль алиныг удирдан Аваргуудын лигт түрүүлж байлаа. Одоогоос 20 жилийн өмнө “Реал Мадрид”-тай Аваргуудын лигт цомын эзэн болж байсан юм.

“РЕАЛ МАДРИД”-ИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ЗИНЕДИН ЗИДАН:

“Миний бодлоор тэр багийг өөрчилсөн хүн. Би түүнийг маш их хүндэлдэг. Түүний хөл бөмбөгт хүрсэн амжилт, одоо “Байерн”-д үзүүлж байгаа амжилт бас “Реал Мадрид”-тай гээд л тэр бол хөл бөмбөгт их зүйл хийсэн хүн. Тиймээс ч би түүнийг маш их хүндлэн биширдэг юм. Гэхдээ бид одоо маргаашийн тоглолтонд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүчтэй, эртний өрсөлдөгчийнхөө эсрэг хийх том тоглолт биднийг хүлээж байна. Тэд бол агуу клубын гайхалтай баг. Сайхан тоглолт болно оо.”

“РЕАЛ МАДРИД”-ЫН ХАГАС ХАМГААЛАГЧ ТОНИ КРООС:

Мэдээж бид тэмцээнийг цааш үргэлжлүүлэхийг хүсч байна. Бидний хувьд энэ улирлыг цомтой өндөрлүүлэх сүүлийн боломж энэ шүү дээ. Хоёр жилийн өмнө бид яг ийм нөхцөл байдалд байхдаа түрүүлж байсан. Бид үнэхээр их хүсч, тэмүүлж байна. Магадгүй та манай багийн энэ улирлын Аваргуудын лиг дэх тоглолтыг харвал цом хүртэж, гурав дахь жилдээ дараалан түрүүлэх боломжтой гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ мэдээж үүний тулд бид эхлээд хагас шигшээд ялах хэрэгтэй. Амаргүй тоглолт болно гэдгийг мэдэж байгаа ч шөвгийн 16-д Парис Сэн Жэрмэйн, шөвгийн наймд Ювентусыг ялах тийм ч амар байгаагүй. Тиймээс сайн үр дүнтэй улирлыг өндөрлүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна.”

ЮПП ХАЙНКЕСИЙН БАГ ЭНЭ УЛИРАЛ ГУРВАН ЦОМ ӨРГӨХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Юпп Хайнкесийн баг энэ жил зургаа дахь улиралдаа дараалан дотоодынхоо лигийн аваргаар тодорч, цомын тэмцээндэ шөвгөрчихөөд байгаа. Тиймээс дотоодынхоо тэмцээнд үзүүлж буй формоо Европын тавцанд хадгалж энэ жил гурван цом өргөхөөр зорьж байна.

“БАЙЕРН МЮНХЕН”-ИЙ АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ ЮПП ХАЙНКЕС:

Би өмнө нь хэлж байсан шүү дээ. Энэ хоёр баг Европын цом, Аваргуудын лигт баялаг туршлагатай. Тиймээс аль нь ч ялж мэднэ. Мэдээж та бүхэн “Реал Мадрид”-ыг сүүлийн хоёр жил дараалан Аваргуудын лигт түрүүлсэн гэдэг утгаараа давуу талтай гэж хэлж болох юм. Гэхдээ бид ч сайн байгаа. Бундеслигт түрүүлсэн, Германы цомд шөвгөрсөн гээд. Тиймээс энэ сайхан улирлаа Аваргуудын лигт ч харуулахыг хүсч байна.

Юпп Хайнкес 2011-13 оны хооронд “Байерн Мюнхен”-ийг дасгалжуулахдаа хоёр улирал дараалан Аваргуудын лигт шөвгөрч эхнийх нь бүтэлгүйтсэн ч удаахад нь тус клубын тав дахь цомыг авчирч байлаа.

“БАЙЕРН МЮНХЕН”-ИЙ АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ ЮПП ХАЙНКЕС:

“Би Зинедин Зиданыг тоглогч, дасгалжуулагчийн аль алиных нь хувьд хүндэлж явдгаа хэлэх хэрэгтэй. Ялангуяа тэрээр Реал Мадридын дасгалжуулагч болсноос хойших багийнх нь тоглолтонд их дуртай. Бас талбайн хажуунаас багаа удирдаж байгаа нь ч надад таалагддаг. Хэвлэл мэдээллийнхний өмнө өөрийгөө магтаад байдаггүй. Ер нь хүн чанар тийм. Эргэлзээгүй үлгэр жишээ дасгалжуулагч мөн”.

Юпп Хайнкесийн удирдсан “Байерн Мюнхен” 2012 оны Аваргуудын лигийн финалд “Челси”-д торгуулийн цохилтоор ялагдсан бол дараа жил нь шигшээ тоглолтонд “Боруссиа Дортмунд”-ыг 2:1-ээр хожин түрүүлж байлаа. Тэр жил хагас шигшээд “Барселона”-г хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 7:0-ээр хожиж байсан юм.

“БАЙЕРН МЮНХЕН”-ИЙ АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ ЮПП ХАЙНКЕС:

Аваргуудын лигийг мөнгөөр цохин авч болдоггүй гэж би үздэг. Аливаа баг заавал хамтдаа хөгжиж, нэгнээ ойлгох, багийн уур амьсгалыг бүрдүүлэх шаардлагатай. Тухайн тоглогч ямар хэмжээний од байх нь тийм ч чухал биш. Бусдыгаа хүндэлдэг болсон цагт л магадгүй түрүүлж мэдэх юм. 1989 оноос хойш би “Реал Мадрид” шиг олон багтай ажиллаж байсан. Аваргуудын лигт түрүүлсэн багууд гарцаагүй тийм л байдаг. 2013 онд ч адилхан. Өөрөөр хэлбэл бид одоо ч яг ижил нөхцөлд байна. Тиймээс дахиад финалд шалгарахыг хүсч байна.

“БАЙЕРН МЮНХЕН”-ИЙ ХАМГААЛАГЧ ЖЕРОМ БОАТЕНГ:

Хэрхэн тодорхойлох вэ гэж үү? Миний хувьд хүчтэй довтолгоо, үнэхээр хүчирхэг хамгаалалт гэж л хэлмээр байна. Хагас хамгаалалт нь маш сайн. Тэд Аваргуудын лигт дараалан түрүүлэхэд гайхах зүйл байхгүй. Тиймээс мэдээж ирэх хоёр тоглолтонд тэднийг буулгаж авна гэдэг маш хэцүү. Гэхдээ бид итгэлтэй байна. Бид энэ улирал амжилтаар дүүрэн байна. Шигшээд шалгарахын төлөө хичээх болно.”

“Байерн Мюнхен”-ээс Артуро Видал өвдөг, Кингслей Коман шагайны бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцох боломжгүйн дээр хаалгач Мануэл Нойер хөлийн бэртлийн улмаас тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Дашрамд дуулгахад Аваргуудын лигийн энэ улирал 121 тоглолтонд 384 гоол ороод байгаа нь тус тэмцээнд өмнө нь гарч байгаагүй, тодруулбал одоогийн системээр зохион байгуулагдах болсноос хойших түүхэн үзүүлэлт юм. Дунджаар нэг тоглолтонд 3 гоол төдийгүй, 27 минут тутамд гоол орж байна.